Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Оросын Экспортын төвөөс /ОЭТ/ хамтран зохион байгуулж буй “Монгол Улсад хэрэгжүүлэх олон салбарын бизнес чуулга уулзалт” өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ.
Энэ оны есдүгээр сарын 16-17-нд явагдах энэ чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын шадар сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Евсиков А.Н., Евразийн эдийн засгийн холбооны төлөөлөгч болон албаны бусад хүн үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын байранд болж буй уг чуулга уулзалтад оролцож байгаа ОХУ-ын төрөл бүрийн салбарын нэр хүндтэй 40 гаруй компани “Made in Russia” брэнд нэрийн дор өөрсдийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, ажил хэрэгч уулзалтууд зохион байгуулах юм байна.
Хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор, мэдээллийн технологийн салбар, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, керамик эдлэлийн үйлдвэрлэл, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологи, тээвэр ба логистик, барилгын материалын үйлдвэрлэл, урлагийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг олон салбарыг төлөөлсөн Оросын экспортын баримжаатай компаниуд бүтээгдэхүүнийг нь сонирхох гадаадын худалдан авагчдыг эрэлхийлж байгаа аж. Тэдгээрийн дотор “Мираторг” НХН, “Минимакс-94” ХК, “Гжель – Уран сайхны урлан” НХН, “Коломенский” ХХН болон бусад томоохон үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч компаниуд багтжээ.
Арга хэмжээний бизнес хөтөлбөрийн дагуу Евразийн эдийн засгийн холбоо /ЕАЭЗХ/ болон Монгол Улсын чөлөөт худалдааны бүс зохион байгуулах хэтийн төлөвийн тухай семинарыг Евразийн эдийн засгийн холбооноос зохион байгуулна. Евразийн эдийн засгийн холбоо /ЕАЭЗХ/ болон Монгол Улсын хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай Санамж бичигт үндэслэн хоёр талын чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг байгуулахаар талууд идэвхтэй ажиллаж байгаа аж.
Мөн чуулга уулзалтад оролцогчид Монгол-Оросын хамтын ажиллагааны талаархи шинжээчдийн илтгэлүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн нүүр тулсан уулзалтууд зохион байгуулж, бизнесийн шинэ харилцаа тогтоох, гэрээ хэлэлцээр байгуулах боломж бүрдүүлэх юм байна.
Оросын компаниуд бүтээгдэхүүнээ тусгай танилцуулга болон үзэсгэлэнгийн хэлбэрээр танилцуулна.
Оросын Экспортын төв нь бүх салбарын компаниудад гадаад зах зээлд гарах бүх үе шатанд “Олон улсын хамтын ажиллагаа ба экспорт” хэмээх үндэсний төслийн хүрээнд санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг туслалцаа үзүүлдэг төрийн байгууллага юм байна.
ОХУ-ын хувьд эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой түнш болох Монгол Улсад ийм чуулга уулзалт зохион байгуулах нь Оросын компаниудад экспортын чадавхиа нэмэгдүүлэх, шинэ зах зээлд гарах боломж олгох ажээ.
Сэтгэгдэл ( 0 )