"Fitch Ratings" зээлжих зэрэглэл тогтоогч агентлаг нь “Fitch on Mongolia-2024” форумыг Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг нээж Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн үгэндээ, "Fitch Ratings" ОУ-ын зээлжих зэрэглэл тогтоогч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "B+ тогтвортой" хэмээн үнэлсэнд талархаж байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал,геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалсан хүнд сорилтыг, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдийн засаг, санхүү, төсвийн оновчтой бодлогын үр дүнд амжилттай даван туулж байна. Улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, өрх бүрд чиглүүлэх,гадаад нөхцөл байдалд тэсвэртэй орчныг бүрдүүлж буйг онцолсон юм.
Мөн тэрбээр хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэхдээ, Монгол Улсын зээлжих зэрэглэлийн суурь үнэлгээг дагаад хувийн санхүүгийн байгууллагын үнэлгээ тэр чигтээ өсөж байна. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, мөн олон улсын зах зээл дээр гарчихсан байгаа Засгийн газрын болон хувийн хэвшлийн бондуудын эрсдэл буурч, өгөөж нь нэмэгдэх боломж нээгдэж байна" гэсэн юм.
Форумын үеэр Монгол Улсын зээлжих зэрэглэл, түүний хөрөнгийн зах зээл дэх нөлөөлөл, мөн санхүүгийн салбарын хэтийн төлөв гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
"Fitch Ratings" агентлаг нь аливаа улсын эдийн засгийн өнөөгийн байдал, олон улсын санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын нөлөөлөл болон цаг үеийн асуудлаар санал солилцох зорилгоор жил бүр тухайн орны Сангийн яам, Төв банк болон санхүүгийн байгууллагуудтай хамтран тус форумыг тогтмол зохион байгуулдаг юм.
Сэтгэгдэл ( 0 )