Олон улсын валютын сангийн ажлын хэсгийнхэнтэй уулзлаа

2024 оны 09 сарын 27

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Олон улсын валютын сан /ОУВС/-ийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтын эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан санхүүгийн салбарыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн онцлох ажлууд болон санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгсөн юм. Үүний дараа хоёр тал Монгол Улсын эдийн засаг тэр дундаа хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, банк бус санхүүгийн байгууллагуудаас үзүүлж буй финтек зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээ, тулгамдаж буй асуудлаар санал солилцсон юм. Тодруулбал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлсэн болон энэ зах зах зээлийн хөгжлийг дэмжих, дүрэм журмын орчинг олон улсын жишигт нийцүүлэх хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, банк бус санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээлийн багцийн өсөлтийг хязгаарлах болон зээлийн өрийн нөхцөл байдал, зээлийн өр, орлогын харьцааны шалгуур үзүүлэлтийн зөрүүг буулгах чиглэлд хэрхэн ажиллаж байгаа цаашид анхаарч буй асуудлын хүрээнд ярилцав.

ОУВС-ийн талаас Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи, мөн манай улсыг хариуцсан эдийн засагч Ий Ү, санхүүгийн салбарыг хариуцсан ахлах эдийн засагч Алэйн Кабунди, эдийн засагч Тереза Дабан Санчес нар нь ирэх сарын 01-нийг хүртэл манай улсад ажиллах бөгөөд гишүүн орнууддаа жил бүр хийдэг энэхүү ажлын хэсгийн уулзалтаас бодлогын зөвлөмж бүхий тайлан гаргаж танилцуулах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top