Ажиллаж амьдрахад таатай газар гэх Голомт банк 100 ажлын байр зарлалаа

2024 оны 10 сарын 04

Ажиллаж амьдрахад хамгийн таатай газар гэх үг өдгөө хамгийн сонсголонтой үг болоод байгаа.  Магадгүй уншигч та дээрх үгийг сошиалаас ч юмуу олж уншаад  “Хаана вэ” хэмээн хайсан байж магад. Дэлхийн 90 гаруй улсад салбартай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great Place To Work institute”-ээс  ажиллахад хамгийн таатай газрыг жил бүр шалгаруулж иржээ. Тэгвэл 2022, 2023 онд  “Ажиллахад хамгийн таатай байгууллага” номинацид нь Голомт банк Монгол Улсын банк санхүүгийн салбараас анхлан шалгарч батламжийг нь гардан хүлээж авчээ. Ажиллахад хамгийн таатай газар номинацид тухайн байгууллагын ажлын үзүүлэлтээс гадна байгууллагын соёл, ажиллах орчин нөхцөл, харилцааны уур амьсгал, итгэлцэл, хүндлэл, шударга байдал,  бахархал, нөхөрлөл, сэтгэл ханамж, хамтын ажиллагаа, удирдах ур чадвар зэрэг олон хүчин зүйлийн судалгаа авч хараат бус байдлаар дүгнэсний үндсэнд батламж олгодог юм байна.

Монгол Улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэх үйлчилгээ үзүүлж буй Голомт банк 1995 онд байгуулагдсанаасаа хойш жил бүр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлснээр Улаанбаатарт 70 гаруй, орон нутагт  30 гаруй салбартай болж өдгөө нийт 2700-гаад ажилтантай болжээ. 2024 онд гэхэд ХУД-т хоёр салбар, Хэнтий аймаг, Зүүнхараад шинэ салбараа нээсэн төдийгүй Улаанбаатар хотод VIP салбаруудаа нээснээр ажлын байр нэмэгдсэн байна. Тиймээс саяхан Нээлттэй ажлын байрны өдөрлөгийг Шангри Ла-д зохион байгуулж олон залуус Голомт банкны үйл ажиллагаатай танилцан банкны хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй уулзаж ажилд орох хүсэлтээ цахимаар илгээж байлаа.

Өнөөдөр Голомт банкны нийт ажилтны 33 хувийг Z үеийнхэн, 60 гаруй хувийг нь шинэ мянганыхан бүрдүүлж байгаагаас үзэхэд Голомтынхон залуу үеийнхэндээ ямар их итгэл найдвар тавьж банкны ажилд сургаж чаддагийг харуулж буй хэрэг юм. Тухайлбал, 2023 онд шинээр ажилд авсан залуусын 30-40 хувь нь их дээд сургууль дөнгөж төгссөн шижигнэсэн залуучууд байсан бөгөөд өдгөө тэд мэргэжилдээ дасан зохицож амжилттай ажиллаж буй аж. Тэгээд ч Монголын банкны салбарт ажиллаж буй нийт 16 мянган ажилтны 15 хувийг нь Голомт банкны ажилтнууд эзэлж байгаа нь банк санхүүгийн салбартаа томоохон байр эзэлдэг, нөгөөтэйгүүр ажилтнуудынх нь  банкиндаа ажиллаж буй дундаж хугацаа нь долоон жил байгаагаас  үзэхэд тус банк ажиллахад таатай газар байх бүх боломжийг бүрдүүлсэн нь илт байна. “Залуучууд аливааг маш хурдан сурдаг, ажил хийх эрч хүч, эрмэлзэл дүүрэн байдаг тул шинэ ажилтныг аль болох дөнгөж сургууль төгсөгчдөөс шалгаруулж авдаг. Шинэ ажилтнуудаа халуун дотноор хүлээн авч туршилтын хугацааны дасан зохицох гурван сарын хөтөлбөрт хамруулдаг. Энэ хугацаанд нь buddu буюу манай чиглүүлэх ажилтан бүх талаар зааварлаж чиглүүлж ажилладаг. Мөн ажилтнууд маань дотроо хөрвөх чадварыг эзэмшсэн байх ёстойг харгалзан хөтөлбөр, сургалтуудад хамруулан бэлддэг. Цалингийн тухайд улсын нийгэм эдийн засгийн байдал болон ажилтны өөрийнх нь чадамжид тулгуурлан нэмэх бодлого барьдаг ба хөдөлмөрийн үнэлэмжийг нь үндэслэн хагас жил тутамд урамшуулал олгодог. Мөн Гүрүн академитай хамтран “Дэлхий түвшний менежер” манлайллын сургалтууд болон олон улсын хурал, арга хэмжээнд оролцуулдаг. Мөн ажилтнуудаа төрсөн өдрөөр нь цалинтай амраах, ажилтнуудынхаа хүүхдүүд, жирэмсний амралттай ээжүүддээ хандсан арга хэмжээ, олон жил ажилласан бол 5, 10, 15, 20, 25 дахь жилд нь бэлэг өгдөг зэрэг олон талт арга хэмжээ нь ажиллахад таатай газар болох нэг нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг” хэмээн тус банкны Хүний нөөцийн удирдлагын газрын үйл ажиллагааны хэлтсийн дарга Д.Оюу ярьсан юм. Хоёр өдөр үргэлжилсэн 100 ажлын байрны нээлттэй хаалганы өдөрлөгөөр олон залуус ирж банкны үйл ажиллагаатай танилцаж анкетаа илгээсэнд Хүний нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн н.Уянга сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа. Гэхдээ энэхүү өдөрлөг ганцхан Шангри Ла-д ч биш, орон даяар нээлттэй явагдсаныг онцолж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top