“Цирк бол гэр бүлээрээ үзэж, дурсамж бүтээдэг урлаг"

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 10 сарын 04

“Дэлхийн цирк Монголд” олон улсын циркчдийн хамтарсан цоо шинэ тоглолт энэ сарын 5, 6, 12, 13, 19, 20, 26, 27-нд зөвхөн бямба, ням гарагт “AIC STEPPE ARENA"-Мөсөн ордонд зохион байгуулагдахаар бэлтгэлээ бүрэн хангажээ. Тоглолтын талбайд Маша бүжиглэж, баавгай машин унан давхиж ер бусын нэгэн ертөнцийг циркчид урлаж байгаа нь тоглолтын бэлтгэл сайн хангагдсаных биз ээ. Нийт 250 гаруй уран бүтээлчийн өргөн бүрэлдэхүүнтэй өмнөх  тоглолтод сургуультай арслан, бар болон ховор үүлдрийн пудель нохойнууд ирж тоглож байсныг үзэгчид санаж байгаа байх.Энэ удаа Москвагийн Төв циркийн сургуультай баавгайнууд болон нохойнууд, АНУ, ХБНГУ, БНХАУ, БНУУ, ОХУ зэрэг есөн орны жүжигчид, нийт 260 орчим уран бүтээлч оролцох гэж байна. Бид энэ удаа ринг мастер буюу хөтлөгч Комедиан, циркийн жүжигчин М.Баяржаргалтай ярилцлаа. 

-Олон нийтийн дунд циркийн урлагийг зөвхөн хүүхдүүд үздэг гэсэн өрөөсгөл ойлголт байна. Энэ нь  та бүхэнд мэдрэгдэж байна уу?

-Одоогийн томчууд, аав ээжүүдийн хамгийн сүүлд цирк үзсэн дурсамж хүүхэд насандаа байсантай холбоотой тэдний ой тойнд “циркийг хүүхдүүд л үздэг” гэсэн ойлголт байгаад байх шиг байна. Гэтэл цирк бол гэр бүлээрээ хамт үзэж, дурсамж бүтээдэг ховор агшин, ийм боломжийг олгож байгдаг өвөрмөц урлаг. Манай циркийн тоглолт чансаа өндөр, дэлхийн дээд зэрэглэлийн уралдаан, тэмцээнүүдийн эхний байрт шалгарч,алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн үзүүлбэрүүд байгаа. Зөвхөн хүүхэд гэлтгүй, томчууд  өөрсдөө үзэж оюундаа хөрөнгө оруулалт хийх тал руу чиглэсэн гэж ойлгож болно. Цирк үзсэнээр хүмүүс ямар сэтгэгдэлтэй гардаг вэ гэвэл, цирк орон зайн урлаг, дээр нь тоглолтууд  шууд явдаг учраас тэрийг өөр орлох зүйл байхгүй. Орлон тоглогч гэж байхгүй, ам барих боломж байдаггүй амьд тоглолтыг хүргэдэг. Гэр бүлээрээ үзэж болох цор ганц үзвэр. Ямар ч насны хүн үзээд сэтгэл өндөр гарч болно.

 

 

-Цирк амьд урлаг, үзэгчид шууд харилцаж, инээж, уйлж мэдрэмж авдаг. Энэ тухайд  юу хэлэх вэ?

-Манежид тоглож буй уран бүтээлчид маань 10 минутын үзүүлбэр үзүүлэхийн тулд дор хаяж 10 гаруй жилийг бэлтгэл хийхэд  зарцуулдаг. Маш өндөр тэвчээр хатуужлын дор сургуулилтаа хийдэг. Тэрийг энд ирж биеэр үзэж байж л ойлгоно. Түүнээс хүний ярианаас, эсвэл зурагтаар, видео бичлэгээс үзээд тэр мэдрэмжийг авч чадахгүй. Үзэгчид  биеэр ирж, цирк үзээд инээнэ, айна, хөгжилдөнө, уйлна, огшино. Ингэж энэ урлагийн гайхамшгийг ойлгоно.

 

 

-Дээр нь цирк бол урлаг, спортын хосолсон нийлбэр, өвөрмөц үзүүлбэр үзүүлдэг?

-Цирк бол урлаг болон спортын төгс зохицол. Энэ удаа Монголд анх удаа мото экстрим үзүүлбэр ирсэн. “Дэлхийн цирк” олон улсын циркийн хамтарсан тоглолт нь дэлхийн маш цөөн оронд тоглогддог “Циркийн спорт Арена" төрөлд багтдаг, цирк байх ёстой стандарт. .Монгол Улс “Спорт Арена” төрлийн циркийн үзүүлбэрүүдийг эх орондоо авчран үзэгчдэдээ толилуулсан  зургаа дахь орон, хоёр дахь тоглолтоо бэлэг болгон барьж байна. Монголд мото, болон суроныг сонирхож байгаа маш олон залуус бий. Тэдэнд маань сонирхолтой үзүүлбэрүүд байна гэж бодож байна.Мөн спортын гимнастик, спорт төрлөөс циркийн урлаг руу татагдаж орж ирсэн, салбартаа дэлхийн таван удаагийн аварга, Европын дөрвөн удаагийн аварга, циркийн урлагт маш олон уралдаан, тэмцээнээс шагнал хүртсэн залуус ирсэн. Бид баавгайгаа онцолж буй ч циркийн урлагийн супер старууд Монголд цуглаад байна.

 

 

-Нэг тоглолтод хэчнээн үзүүлбэр үзүүлэх бол?

-Нэг тоглолтод ирснээр бараг 10 жанрын 4-5 үзүүлбэрийг үзнэ. Олон улсын 116 уран бүтээлч, арын багтай нийлээд 260 гаруй хүн тоглолтод оролцож байна.

-Тасалбарыг хаанаас авч болох вэ?

-TICKET.MN-ээр захиалж болно. Суудлынхаа байршлыг сонгоод авах боломжтой. И-Мартын бүх салбарт хэрэглэгчийн үйлчлэх төвөөр биет тасалбарыг борлуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top