Санхүүгийн зохицуулах хороо дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбох зорилгоор сургалт вебинарыг цуврал болгон тогтмол зохион байгуулж байна.
Энэ удаад OTC markets group, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Capital markets Mongolia байгууллагуудтай хамтран, “NAVIGATING OTC MARKETS: A PATHWAY TO CAPITAL FOR GLOBAL ISSUERS” вебинар зохион байгууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж “Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд хурдацтай тэлж, өндөр өсөлтүүдийг үзүүлсээр байна. Санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд олноор гарч, үнэт цаасны арилжааны идэвх нэмэгдэх боллоо.
Хууль, эрх зүйн орчинг олон улсын жишигт нийцүүлснээр гадаадын хөрөнгө оруулагчдад таатай зах зээл бий болсны зэрэгцээ мэргэжлийн хөрөнгө оруулагчид ч нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна. Иймд бид цаашид ч хөрөнгийн зах зээлээ олон улсын зах зээлтэй холбох, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг манай улсын хөрөнгийн зах зээлд оролцох идэвх, сонирхлыг нэмэгдүүлэх, дотоодын компаниудад урт хугацааны санхүүжилтээ олон улсын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэхэд бодлогоор дэмжих, татвар, эрх зүйн зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч ажиллах болно” гэдгийг онцолсон юм.
Вебинараар OTC markets group-ийн Азийн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Stephen Shipley OTC markets group дээр хувьцаагаа хэрхэн арилжих, хоёрдогч зах зээл дээр хөрвөх чадвараа нэмэгдүүлэх боломж, шалгуур, шаардлагын талаар танилцууллаа. Мөн бусад боломжит хөрөнгийг хэрхэн татан төвлөрүүлэх, арилжих хэрэгслүүдийн талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулт өгсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )