"Mongolia’s Capital Market Connectivity” дэлхийн санхүүгийн төв Сингапурт боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 04

 

Санхүүгийн зохицуулах хороо Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд гаргах, гадаадын хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн орчныг таатай болгох хүрээнд “Mongolia’s Capital Market Connectivity” арга хэмжээг цуврал болгон зохион байгуулж байна. Энэ удаа Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээлтэй холбох, хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулж, хөрөнгийн зах зээлд оролцох идэвх, сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн санхүүгийн төв болох Сингапур Улсад “Mongolia’s Capital Market Connectivity: Singapore” арга хэмжээг зохион байгууллаа.

Тус улсын Хөрөнгийн биржид өнөөдөр болсон арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, дэд дарга Н.Хүдэрчулуун, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Энхбаяр, Сингапурын Төв банк, Хөрөнгийн бирж болон хоёр орны банк, санхүүгийн байгууллагын захирлууд, хөрөнгө оруулагчид оролцов.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хороо Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд биржийн бус зах зээлийг бий болгох, үнэт цаасны арилжааны шимтгэл, хураамжийг бууруулах, зах зээлийн зохицуулалтын орчныг сайжруулж олон улсын жишигт нийцүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчид, тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхэд нэлээдгүй анхаарч ажилласны үр дүнд өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, зах зээлийн хөрвөх чадвар сайжирч, бирж дээрх нийт арилжааны хэмжээ ч эрс нэмэгдсэн зэрэг олон эерэг өөрчлөлтийг үзүүлээд байна. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас ч Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг цаашид тогтвортой үргэлжилнэ гэсэн төсөөллийг гаргасан. Иймд бид зах зээлийн энэ өсөлтөө тогтвортой хадгалах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг улам нэмэгдүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдынхаа бааз суурийг бэхжүүлэх, санхүүгийн технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог өсгөх чиглэлд бодлогын хэд, хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ хүрээнд бид өнөөдөр олон улсын санхүүгийн салбарт инноваци, итгэлцэл, хамтын ажиллагаагаараа тэргүүлэгч Сингапур Улсын санхүүгийн төв байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоож, урт, удаан хугацааны харилцаа, боломжуудыг бий болгохоор арга хэмжээ зохион байгуулж буй нь манай улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд нэг шинэ хуудас нээсэн чухал үйл явдал болж байна” гэдгийг онцоллоо.

Энэ үеэр тус улсын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн боломж, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын нөхцөл, боломжийн талаар танилцуулж мэдээлэл өгсөн юм. Харин Сингапурын Төв банк болон Зохицуулагч байгууллага, Хөрөнгийн биржээс тус улсын хөрөнгийн зах зээлээс хэрхэн эх үүсвэр, хөрөнгө босгох боломж, хөрөнгийн биржид нь давхар бүртгүүлэх шалгуур, шаардлага, зохицуулагч байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын туршлагаасаа танилцууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top