Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр Шанхай хотноо албан ёсны уулзалт хийлээ.
Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрлээ. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээний 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ой тохиож буйг талууд онцлоод Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа санал нэгтэй тэмдэглэв.
Цаашид хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, хоёр талын худалдааны хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх, төрөлжүүлэх, хилийн боомтыг харилцан холбох, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, инновац, шинэ эрчим хүч, ногоон болон цахим эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцов.
Талууд өнгөрсөн сард Исламабад хотод Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалт амжилттай болсныг онцлоод цаашид Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд санал нэгдлээ.
Хамтарсан Засгийн газар ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлж, тогтолцооны 14 реформыг хийх хүрээнд Хятадын талтай эрчим хүч, аж үйлдвэр, уул уурхайн салбарт хэд хэдэн томоохон төслүүдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, эдгээр төслийг хэрэгжүүлж, шилжилтийг хийхэд БНХАУ-ын баялаг туршлагаас суралцах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжилт босгох, урт, богино хугацаагаар хүний нөөц бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн ажлын айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны дараах найман баримт бичигт талууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгов. Үүнд:
1. “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
2. Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
3. Ерөнхийлөгч нарын нэрэмжит спорт цогцолбор барих төсөл хэрэгжүүлэх солилцох захидал,
4. Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Худалдааны яам хоорондын ногоон хөгжлийн салбар дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг,
5. Монгол Улсын стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг,
6. Монгол Улсын Монополын эсрэг газар болон БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хооронд өрсөлдөөний салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг,
7. Монгол Улсаас БНХАУ-д экспортлох тэжээлийн зориулалттай уураг болон өөх, тосны мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНХАУ-ын гаалийн ерөнхий газар хоорондын протокол,
8. “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”зэрэг болно.
Ингэснээр олон жил гацаанд байсан, одоо Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтсан “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, Гашуунсухайнт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслүүд хэрэгжих боломжтой боллоо. БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн нэгд нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтдаг. Засгийн газар хоорондын энэхүү зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэж байгаа юм.
“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлснээр баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэж, ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаж, их ачааллын үед төвийн эрчим хүчний системийг дэмжиж ажиллах бололцоо бүрдэнэ. Анх 1964 онд ЗХУ-ын Электросеть институт урьдчилсан судалгааг хийж, 2015 онд уг төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулагдаж байсан түүхтэй.
Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 02-нд гарын үсэг зурсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлах дотоодын процедурыг дууссан тухай талууд харилцан мэдэгдсэнээр, энэхүү хэлэлцээр арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байна. Засгийн газар хоорондын энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )