Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол эхлэв

2 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд хороо хэлэлцэн хүлээн авсан, Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлэг хүсэлт гаргасан, эсхүл Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулна” гэж заасан байдаг.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс гаргасан хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр (2024.11.20) хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголд зохион байгуулж байна. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг удирдаж байгаа бөгөөд Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 48 минутад эхлэв.

Өнөөдрийн сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна ажиглагчаар оролцохоор хүсэлтээ ирүүлсэн 2 иргэн, төрийн байгууллагын төлөөлөл 37, төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлллөөр оролцохоор бүртгүүлсэн 75 оролцогчийн 46 нь хүрэлцэн ирсэн хэмээн ирцийг П.Сайнзориг гишүүн танилцуулав. Хяналтын сонсголд оролцох хүсэлтээ ирүүлсэн нийт 122 оролцогчийн 85 нь иржээ. Цахимаар оролцох хүсэлт ирүүлсэн 2 иргэн холбогдсон байгаа гэдэг мэдээллийг сонсгол даргалагч танилцууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top