Н.Энхбаатар: Нийслэлчүүдээ усаар хангахад бэрхшээл саад улам багасаж байгаа

2024 оны 11 сарын 22

Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын 65 жилийн ой тохиож байна. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан УСУГ-т 43 жил ажилласан ахлах диспетчер, инженер Н.Энхбаатартай ярилцлаа.


-УСУГ 65 жилийн ойтойгоо золголоо. Харин таны хувьд ажил амьдралынхаа 43 жилийг энэ байгууллагатай холбожээ. Ажлын гараагаа ямар ажлаар эхэлж байв?

-Баярлалаа. УСУГ-ын үе үеийн удирдлага, ахмадууд нийт хамт олондоо 65 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Би 1982 онд тухайн үеийн Нийтийн аж ахуйн ТМС-ийн ус хангамжийн засварчны ангийг төсөөд энэ байгууллагад шугамын засварчнаар ажилд орсон. Өнөөдөр УСУГ-т 43 дахь жилдээ ахлах диспетчер, инженерээр ажиллаад явж байна. Манай байгууллага нийслэлийн хүн амыг усаар хангадаг. Мөн гарсан бохир шингэнийг цэвэрлэдэг, өндөр босготой, өргөн олон ажилладаг ийм байгууллага. Хамт олноороо маш их бахархдаг. УСУГ-ын 65 жилийн ойн баярын өдөр тохиолоо. Би 65 жилийн түүхтэй байгууллагад 43 жил ажиллажээ. Манай байгууллага намайг анх ажилд орж байхад бүхий л зүйл гар ажиллагаатай, ажиллахад нэлээд бэрхшээлтэй байсан. Залуу байхад тэр бүхнээс бэрхшээж шантралгүй ажилладаг байлаа. Манай байгууллага өдөр, шөнө ялгахгүй 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. Шөнө ч, өдөр ч ялгаагүй дуудагдаж ажиллана. Хэзээ шугам хоолойд гэмтэл гарна тэр болгонд дуудагдаж ажилладаг байсан. Манай хамт олон их сайхан хүмүүс. Намайг ажилд орж байхад манай ахмадууд “Энэ ажлыг та нар л үргэлжлүүлэн авч явна шүү. Манай УСУГ бол өндөр босготой, өргөн олон түмэн ажилладаг байгууллага. Нэгэнтээ хүн энэ өндөр босгыг даваад орсон байхад ажил амьдрал нь байнга тэгширч явна шүү” гэж хэлж байлаа. Анх усаар хангаж эхлэхэд буюу 65 жилийн өмнө насос түлхэж байсан машинист, анхны цэвэр, бохир шугам хоолойг хариуцаж байсан ахмадууд, анхны диспетчер нартай би хамт ажиллаж байсан. Хамт олон болон ахмадуудынхаа итгэл найдварыг алдахгүйг хичээсээр өдий болтол ажиллаад явсан даа.

-Ажил мэргэжил болгонд хэцүү бэрхшээлтэй болон сайхан талууд байдаг. Та сэтгэлдээ хадгалж явдаг сайхан дурсамжуудаасаа хуваалцана уу?

-Зөндөө байна. Шугам хоолойд гэмтэл гарчихаад тухайн үед буюу 1990-ээд оны үед долоо хоногоор хүртэл ажиллаж байсан үе бий шүү дээ. Одоо үетэй харьцуулбал, шугам хоолойн гэмтэл саатлыг тогтоодог тоног төхөөрөмж, багаж байхгүй. Бүх зүйл гар ажиллагаатай байлаа. Харин одоо гэмтэл саатал гарлаа гэхэд 12 цагаас хэтрүүлэхгүй бүх зүйлийг засварладаг болчихсон. Сүүлийн үед шинэ тоног төхөөрөмжүүд орж ирээд, хуучин шугамуудаа хүртэл доторлодог тоног төхөөрөмжүүд аваад ирсэн. Цэвэр усны шугамуудаа зарим хэсгийг нь доторлочихсон. Цаашид бүх ажиллагаа найдвартай болсон.

Нийслэлчүүдээ усаар хангахад бэрхшээл саад улам багасаж байгаа. Гэхдээ бас асуудал бий. Хотод шугамын стандарт, зай хэмжээг мөрдөхгүй байна. Хотын газар доогуур хотын хэмжээний шугам хоолой явдаг. Түүнд засвар үйлчилгээ хийхэд хүндрэлтэй байдаг. Тухайлбал, таван метр ч зайгүй тулгаад барьчихсан орон сууц, албан газрууд зөндөө. Шугам хоолойдоо цэвэрлэгээ, засвар, үйлчилгээ хийхэд хүндрэлтэй болсон. Иймэрхүү бэрхшээлүүд бол бий. Манай цэвэр усны шугам гэхэд 600-аад метр, бохир усны шугам 300 гаруй метр гээд бодохд 1000 орчим метр шугам газар доогуур явж байна шүү дээ. Үүндээ засвар, үйлчилгээ хийхэд үнэндээ хүндрэл бэрхшээлтэй болсон тал бий.

-Аж ахуйн нэгж, албан байгууллагуудаас шалтгаалсан бэрхшээлтэй талуудаас дурдвал ихэвчлэн ямар асуудал зонхилж байна вэ?

-Шугам хоолой завсварлаж байхад машинаа тавьчихаад холдуулахгүй юм. Байшин барилгаа шугам хоолойд ойртуулж барих нь олон байна. Иймэрхүү асуудал байнга гарч байна. Гэхдээ манай байгууллага тэр албан газруудтай аль болох зохицоод л ажилладаг. Юутай ч өнөөдөртөө засвар үйлчилгээгээ цаг алдалгүй хийгээд явж байгаа.

-Одоо УСУГ-т ажилд орж байгаа шинэ ажилчин, залуу боловсон хүчиндээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Ажилд орж байгаа залуучууддаа хамгийн түрүүнд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, ажлаа сайн хийгээрэй л гэж захьдаг. Нөгөөтэйгүүр, хүн байх гэдэг чинь их чухал гэж, би ингэж л зааж зөвлөж явдаг юм. Би өдий олон жил ажиллахдаа хамт олонтойгоо зөв харилцахыг хичээж ирсэн. Хамт олноосоо сайшаал шагнал ч хүртэж, мөн зэмлүүлж арга хэмжээ ч авахуулж явлаа. Тийм учраас арга хэмжээ авахууллаа гээд гомдохгүй, шагнал урамшилд орлоо гээд онгирдоггүй. Хамт олондоо элэгсэг сайхан хүн байхыг л хичээж ирлээ дээ. Манай гэр бүл 2022 онд “Нийслэлийн шилдэг хүмүүнлэг гэр бүл”-ээр шалгарч байлаа. Манай эхнэр бид хоёр бусдын төлөө буян хийгээд цусаа хандивлаж эхэлсэн. Би 78 удаа цусаа хандивлаад 234 хүний амь нас, эрүүл мэндийг аварсан. Манай эхнэр 70 орчим удаа цусаа өгөөд 200-аад хүний амь аварсан.

Ингээд нийлээд 500 орчим хүний амь нас, эрүүл мэндийг аварсан гээд “Нийслэлийн шилдэг хүмүүнлэг гэр бүл”-ээр шалгарч байсан. Ер нь бусдын төлөө хийсэн буян хэзээ ч багадахгүй гэж бодож явдаг хүний нэг. Багаасаа өнчин өрөөсөн өссөн болохоор ер нь их зөөлөн хүн дээ би. Залуусын зарим нь миний энэ занг далимдуулах гээд байдаг юм. Тийм учраас би хүн байхыг л зааж зөвлөдөг. Миний олон багш энэ байгууллагад хамт ажиллаж байна. Нөгөөтэйгүүр, засварчнаас нь эхлээд одоо алба, хэлтсийн дарга болсон олон шавь маань бий. Тэдэндээ би “Хүн л бай. Насан туршийн хэрэг шүү. Дарга байх түр зуурын ажил шүү” л гэж хэлж захидаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top