Өрнөдийн орнууд бусдын гараар дайтах хэлбэрээр Оростой дам мөргөлдөөнд татагдан ороод байгааг Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон The Daily Telegraph сонины сурвалжлагчтай ярилцахдаа хүлээн зөвшөөрсөн байна.
“Бид бусдын гараар дайтаж байгаа боловч тэдэндээ тулалдах боломжийг бүрэн олгохгүй байна. Бид тэдэнд хэдэн жилийн турш өрөөсөн гараараа тулалдах боломж олгоод, нөгөө гарыг нь хүлээд орхисон нь харгис үйлдэл юм” гэж тэр хэлжээ. “Их Британи улс Украины эрх баригчдыг цөмийн зэвсгээс татгалзах нөхцөлд оруулсан Украины аюулгүй байдлыг баталгаажуулах тухай Будапештын санамж бичигт гарын үсэг зурснаараа Украинд үүсээд байгаа нөхцөл байдлын төлөө “ёс суртахууны хариуцлага” хүлээж байгаа юм. АНУ, Их Британи хоёр үнэн хэрэгтээ Украиныг өнөөдөр ашиглах боломжтой байсан цөмийн зэвсгээс нь салгасан билээ” гэж Борис Жонсон тэмдэглэсэн байна. “Украины мөргөлдөөнийг зохицуулахад Европын энхийг сахиулагчид хэрэгтэй болж магадгүй юм. Оросуудтай тулалдах цэргийн ангиудыг бид Украинд илгээх ёстой хэмээн би бодохгүй байна. Харин мөргөлдөөний бүсэд Европын олон үндэстний цэргийг байрлуулж, хилийн эргүүл зохион байгуулахад украинчуудад туслах хэрэгтэй юм” гэж тэр ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )