Нэг талаас өрнөдийн орнууд, нөгөө талаас Орос, Хятад хооронд үүссэн геополитикийн өрсөлдөөн шинэ хүйтэн дайн болоод буй энэ үед Хойд туйл энэ дайны “тулааны” шинэ талбар болох магадлалтай байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
Арктикийн эргийн талаас илүү хувийг эзэмшдэг Орос улс сүүлийн хэдэн жил тус бүс нутаг дахь цэргийн оролцоогоо өргөжүүлж байгаа бол Хятад улс Хойд туйлыг “стратегийн шинэ хил” хэмээн нэрлэж, Европ руу чиглэсэн тээврийн “Туйлын торгоны зам” болгон ашиглахыг зорьж байна. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Канадын хойд хэсэгт айлчлахдаа Орос, Хятадын Хойд туйл дахь хамтын ажиллагаа эвслийн ашиг сонирхолд шинэ сорилт болж байна гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хойд туйлд ажиллах элчин сайдын албан тушаалыг бий болгох боломжийг судалж байгаа тухай мэдээлэл наймдугаар сарын 26-нд гарсан. АНУ-ын хэвлэлүүдийн мэдээллээр, тус бүс нутаг дахь өрсөлдөөн хурцдаж байгаа тул Вашингтон ийм алхам хийж магадгүй. Энэ тохиолдолд АНУ-ын элчин сайд Хойд туйлын болон Хойд туйлын бус орнуудтай хамтран ажиллах аж.
Долоодугаар сарын сүүлээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын далайн шинэ үзэл баримтлалыг баталж, АНУ-ын далай тэнгист давамгайлах бодлого нь заналхийлэл хэмээн тодорхойлжээ. Баримт бичигт Орос улс Хойд туйлын усан орон зайг судлах, эзэмших чиглэлд тэргүүлэх байр сууриа бэхжүүлнэ гэж заасан байна.
Сэтгэгдэл ( 0 )