Бээжин Хойд туйлд олон улсын “Снежинка” станц барих ОХУ-ын төсөл дээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлжээ. Азийн орнуудаас БНСУ мөн оролцох сонирхлоо илэрхийлээд байгаа юм.
ОХУ-ын ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Николай Корчуновын хэлснээр, БНХАУ төсөлд оролцох, тоног төхөөрөмж нийлүүлэх сонирхлоо илэрхийлээд байна. БНСУ-ын зүгээс олон улсын станцын барилгын ажилд оролцох шийдвэр гаргаад байгаа юм. БНСУ ОХУ-тай устөрөгчийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах чиглэл бүхий сан байгуулсан бөгөөд “Снежинка” станц нь энэ сангийн анхны төсөл болох боломжтой.
Олон улсын Хойд туйлын “Снежинка” станц нь сэргээгдэх эрчим хүч, устөрөгчөөр ажилладаг бүрэн бие даасан цогцолбор болох гэнэ. Ирээдүйн станц өөр хоорондоо холбогдсон дугуй оройтой хэд хэдэн барилга, байгууламжаас бүрдэх аж. Цогцолбор дээрээс цасан ширхгийг санагдуулах тул энэ төслийг “Снежинка/цасан ширхэг” гэж нэрлэжээ. 4500 кв. метр талбай бүхий цогцолборт 80 гаруй хүн удаан хугацаанд ажиллаж, амьдрах боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )