Хойд мөсөн далайн мөс хайлж дуусах хугацааг эрдэмтэд тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

Хойд мөсөн далайн мөс 2050 он гэхэд хайлж дуусаж болзошгүй. Ийм зураглалыг тооны аргачлалаар гаргасан загвар зөгнөж байна. Харин мэргэжилтнүүд үүнийг харьцангуй хуучирсан таамаг хэмээн үзэж байна.

Өөр дүгнэлт бас бий. Үүгээр бол Хойд мөсөн далайн мөс 2025 он гэхэд бүрэн хайлж дуусна гэнэ. Мэдээж хэрэг энд зууны улирлын талаар ярьж байгаа. Мөсөн далай өөрчлөгдөж байгаа, гэхдээ маш хурдацтай гэдэгт эрдэмтэд санал нэгддэг. Мөсний хэмжээ улам бүр багсаж, давлагааны өндөр нэмэгдэж, шуурга хүчтэй болж буй. Энэ үйл явц зөвхөн загасанд таатай нөлөө үзүүлнэ. Загасны тоо толгой мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй. Гэхдээ Атлантын далайн хойд хэсэгт загасны тоо хэмжээ багасах гэнэ.

Их Британийн Далай судлалын үндэсний төвийн олон улсын мэргэжилтнүүдийн баг дэлхийн уур амьсгалын систем, далайн загварыг гаргасан байна. Тэд Хойд туйл, хойд тэнгис болон өмнөд туйл дахь далай, тэнгисийн мөсний хувирамтгай чанарын механизм, туйлын далайн хувирамтгай чанар уур амьсгалд хэрхэн нөлөөлж буйг ойлгох үүднээс далайн мөсний тооны загварыг боловсруулахыг зорьжээ. Далай судлалын үндэсний төв нь энэ салбарын судалгаагаар дэлхийд тэргүүлдэг байна.

Хойд туйлын атлантжилт

Хойд туйл нь биологийн идэвхжилийн эрчимжилт, хөгжингүй эко системийн төв болох бүрэн боломжтой. Дулаарлын улмаас нян, бичил биет, планктоны тоо хэмжээ нэмэгдэх ба улмаар халим, загас зэрэг илүү том хэмжээтэй амьтдыг татаж эхэлнэ. Ингэснээр эко системийн энэ хэсэг аажмаар Атлантын хойд хэсгээс Хойд туйл руу шилжинэ. Энэ үед уур амьсгал, температурын өөрчлөлт, усны ислийн түвшний улмаас Атлантын далайн амьдрал ядуурах болно гэж судлаачид үзэж байна.

Энэ нь юуны өмнө мөсний хэмжээ мэдэгдэхүйц багсаж буйтай холбоотой гэнэ. Хойд туйлын эко системийг хязгаарлаж буй гол хүчин зүйл бол зуны улиралд нарны гэрэл бага байдаг явдал юм. Мөсөн бүрхүүл хайлснаар далайн дээд хэсэгт нарны гэрэл нэвтэрч, хангалттай эрдэс, тэжээллэг бодис бүхий амьд биетүүд маш хурдан өсөн хөгжиж эхэлдэг гэж эрдэмтэд тайлбарлажээ.

Далай судлалын үндэсний төвийн эрдэмтэд ойрын хугацаанд Хойд мөсөн далайн сав газрын эко системд юу тохиох талаарх биологийн загварын судалгаа хийж байгаа бөгөөд ажиглалт, загварчлалын явцад харагдаж буй үр нөлөөлөл дор Хойд мөсөн далайн атлантжилт хэмээгдэж буй үйл явц явагдах нь илт байгаа аж.

Одоогоор биологийн ямар төрлүүд хойд зүгт шилжихийг хэлэхэд эрт байгаа гэнэ. Учир нь энэхүү загвараар загасны тодорхой төрөл, тэдний өөрчлөлтийг тодорхойлох боломжгүй юм. Гэхдээ үйл явц эхэлсэн гэж судлаачид ярьж байна.

Тэдний хэлснээр, хүн төрөлхтөн урьд өмнө хэзээ ч харж байгаагүй үзэгдлүүд гарч байна. ОХУ-ын Ширшовын нэрэмжит Далай судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн мэдээллээр, Хойд мөсөн далайн сонгодог төрлийн загас болон биетүүд солигдох үйл явц өрнөж буй аж. Тухайлбал, судлаачид Хойд туйлын бүсэд урьд өмнө хэзээ ч үзэгдэж байгаагүй Номхон далайн төрөл зүйлүүд Берингийн тэнгист олджээ. Өөрөөр хэлбэл маш эрчимтэй шилжилт хөдөлгөөн явагдаж байна гэсэн үг. Энэ үйл явц ойрын арван жил илт мэдрэгдэнэ гэж эрдэмтэд үзэж байна. 

Мөсгүй тэнгис 

Энэ зуунд Хойд мөсөн далай зуны улиралд Хойд туйлыг хүртэл мөснөөс ангижрах болно гэж математикийн шинжилгээ харуулжээ. Анхдагч мэдээллээс шалтгаалан янз бүрийн хугацааг нэрлэж байгаа бөгөөд хуучин аргачлалаар гаргасан мэдээллээр хугацааг 2060-аад он гэж тогтоосон бол түргэвчилсэн аргачлал 2025 оныг зааж байна.

Зарим загвараас үзвэл 2025 он гэхэд мөсөн бүрхүүл Хойд туйлын сав газрын төв хэсэгт бүрэн хайлж, зөвхөн Канадын арлууд болон Гренландын хойд бүс нутагт зузаан мөсөн бүрхүүл үлдэх гэнэ.

Гэхдээ загварын дунджаас үзвэл арай өөр зураг гардаг гэнэ. Өөрөөр хэлбэл, ийм нөхцөл байдал 2050-2060-аад онд бий болно.

Судлаачдын хэлснээр, агаарын температур нэмэгдэж буй нөхцөлөөс гадна салхи, давлагааны нөлөөллийг тооцоолох шаардлагатай гэнэ. Сүүлийн үед Хойд мөсөн далайд давлагааны дэглэм өөрчлөгдөж байна. Урьд өмнө зуны улиралд тэнгис бараг бүрэн мөсөөр хучигдсан байдаг байсан тул давлагаа тун бага байсан бол өдгөө байдал өөрчлөгджээ.

Хойд мөсөн далайд давлагааны өндөр хоёр гаруй метрт хүрэх нь элбэг болж, заримдаа 4-5 метр хүрэх болсныг ажиглалтууд илтгэж байна. Энэ нь гол төлөв Бофортын тэнгис, Хойд мөсөн далайн Канад, Америкийн зүгт ажиглагдаж байгаа гэнэ. Одоогоор Европын тал харьцангуй тайван байгаа хэдий ч давлагаа ширүүсэх хандлага ажиглагдаж байна гэж судлаачид онцолжээ. Том давлагаанууд мөс хагарахад нөлөөлж, бүлээн ус мөсийг хайлуулж байна.

Энэ явц агаар мандал, агаарын чийгшил, улмаар Хойд туйлын сав газрын агаарын эргэлтийн тогтолцоонд бүхэлд нь нөлөөлөх боломжтой юм.

Үүний сацуу бусад хүчин зүйлсийг тооцох учиртай. Тухайлбал, Хойд мөсөн далайн усны урсгал, эргүүлэг зэргийг тооцоолох шаардлагатай байдаг байна. Далайн түрлэг гэхэд мөс хайлах явцад 15 хувийн нөлөө үзүүлдэг болох нь тогтоогджээ. Загварт түрлэгийн хүчийг тусгахад тэнгис дэх шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, урсгалын хурд мөн нэмэгддэг байна. Энэ нь далайн үржил шимтэй байдалд ихээхэн нөлөөлдөг гэж судлаачид онцолжээ.

Далай дахь давхаргууд

Хойд мөсөн далайд нэг онцлог бий. Далайн ус үелсэн байдаг аж. Атлантын далайгаас орж ирж буй харьцангуй дулаан, давсархаг усны давхарга дээр маш хүйтэн, цэвэр усны давхарга байдаг бөгөөд энэ хоёр давхарга хоорондоо бараг холилддоггүй байна.

Өдгөө Атлантын далайн ус дээшилж, мөсөн бүрхүүлийг хайлахад хүргэж байна. “Трансарктик” судалгааны эхний шатанд эрдэмтэд урьд өмнө 100 метрийн гүнд байсан Атлантын далайн ус 10 метрийн гүнд илрүүлсэн байна. Энэ ус Хойд мөсөн далайн мөсийг бүхэлд нь хайлуулахад хангалттай гэж судлаачид тодотгожээ.

Одоогийн байдлаар Герман, Канад, Оросын эрдэмтэд Хойд туйлын тэнгист усны өөрчлөлтийн үйл явцыг үнэлэх ажлыг гүйцэтгэж байгаа аж. Мөс бүрэлдэх явцад усны дээд давхаргаас дулаан доошоо бууж, хөлдөлт явагддаг байна. Мөс бий болоход усан дахь давс тунаж, ус давсархаг, хүйтэн болдог. Энэ үед Хойд мөсөн далайн ус Атлантын далайн усны адил давсархаг, хүйтэн болж, мөргөцөг даган урсдаг байна. Энэ үзэгдлийг каскадинг гэдэг бөгөөд устай хамт нүүрсхүчлийн хий далайн гүнд ордог тул энэ үйл явц маш чухал аж. Энэ нь нүүрсхүчлийг далайн ёроолд “булшилж” буй тул далайн усыг нүүрсхүчлээс цэвэрлэхэд ач холбогдолтой гэж эрдэмтэд тодруулжээ. Каскадингийн ачаар далайн гүний ус дээш гарж ирдэг бөгөөд ингэснээр далайн гүн, мөргөцгийн усны солилцооны эрчимтэй үйл явц болдог аж.

Загварын ач холбогдол

Загварын тусламжтайгаар Хойд туйлын байгалийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж, энэ нь улмаар ан амьтан, Хойд туйлын бүс нутгийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар таамаг дэвгүүлэх боломжийг бий болгодог байна. Загварыг гаргахад маш өндөр хүчин чадалтай компьютерыг ашигладаг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй олон улсын хөтөлбөрийн хүрээнд олон улсын эрдэмтдэд хамтран ажиллах боломж олгодог. Ингэхдээ эрдэмтэд олон улсын янз бүрийн төвөөс гаргасан 40 орчим загварыг харьцуулан судалдаг гэнэ. Олон улсын хөтөлбөрт Их Британи, Норвег, Герман, АНУ, ОХУ зэрэг орны эрдэмтэд оролцож, хойд болон өмнөд туйлын бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийг үнэлдэг.

Мөс хайлснаар Хойд туйлын тэнгист ашигт малтмал олборлох, далайн тээвэр, загас агнуурыг хөгжүүлэх боломжийг бий болгоно. Энэ бол Хойд туйлд явагдаж буй дулаарлын эерэг үр дагавар. Гэвч үүнтэй зэрэгцэн дэлхийн дулаарал дэлхийн уур амьсгал, Хойд туйлын экосистемд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Khèrlèn(66.181.161.95) 2024 оны 09 сарын 05

Бэбнөнөөгкөрза

1  |  2
сансарбаяр(202.55.188.126) 2024 оны 03 сарын 25

сайхан байн\n

0  |  1
Top