"Physical: Asia"-гийн найруулагч Жан Ху Ги: Монголыг шоунд оролцуулах болсон нь өөр үйл явцтай байсан

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 19

 

"Physical: Asia" реалити шоу нэвтрүүлгийн төгсгөлийн дугаарууд цацагдаж, онлайн орчинд ширүүн хэлэлцүүлэг өрнүүлээд байна. 

Нэвтрүүлгийн өмнөх хоёр улирал "Physical: 100" нэртэйгээр гарч байсан. Харин энэ удаад хүрээгээ тэлж, Ази тивийн 8 улсыг хамарсан томоохон шоу нэвтрүүлэг болж өргөжсөн. Энэ тухай болон хөшигний ард өрнөсөн бусад зүйлсийн талаар шоуны найруулагч, продюсер Жан Ху Ги ийн ярьжээ. 

Жан Ху Ги саяхан өгсөн ярилцлагадаа "Physical:100 нэвтрүүлгийн нэгдүгээр улирлаас эхлээд л "Physical: World" зохиох зорилго тавьж эхэлсэн. Энэ шоуны гол агуулга нь арьс өнгө, хүйс үл харгалзан хязгаарыг давах байсан учраас бид үргэлж шоугаа өргөжүүлэхийг хүсэж байсан. 

 

 

"Physical: Asia"-гийн найруулагчийн хувьд боксын найман өөр ангилалд Дэлхийн аварга болсон домогт тамирчин, Филиппиний Пакьяотой хамтарч ажиллахыг үргэлж хүсдэг байсан. Боломж гарах бүрд түүнтэй холбогдож, шоунд оролцох санал тавьж байсан. Тэр огтхон ч эргэлзээгүй шоунд оролцохыг зөвшөөрч, "Би өөрийгөө сорихыг хүсэж байна. Хүмүүст өөрийнхөө юу чаддаг болохоо харуулахыг хүсэж байна" гэсэн. Түүнийг ийнхүү саналыг минь таатай хүлээн авсанд би маш их баяртай байсан. Тиймээс шоу амжилттай болно гэх итгэл найдвар төрсөн.

Найман улсыг сонгож авахдаа Netflix-ийн зах зээл дээр тулгуурлах бус тэдний "уламжлалт" спортын төрлүүд болон тус спортыг сонирхогчдыг шоундаа татан оруулахаар тооцоолсон. Жишээлбэл, Монголын багт Б.Орхонбаяр, Тайландын багт Муай Тай тулаанч Супербон, Туркийн багт уламжлалт тосон барилдаанч Режеп Кара нар багтсан байгаа. 

Ази хүмүүс жижиг биетэй гэх өрөөсгөл ойлголт дэлхий нийтийн дунд байдаг. Тиймээс бид Ази хүмүүс маш хүчирхэг, өөрсдийн гэсэн уламжлалт спорттой гэдгийг дэлхий нийтэд харуулахыг хүссэн. 
 

 

Монголын багийг шоунд оруулах болсон шалтгаан нь бусдаас арай өөр шат дамжлагаар үүссэн. Нэг билүү, хоёрдугаар улирал дууссаны дараа Монголын Засгийн газрын албан тушаалтан зэрэг олон хүмүүстэй уулзаж байсан юм. Тэд надад Өмнөд Солонгосоос 15, Монголоос 15 хүн оролцсон нэвтрүүлэг хийх сонирхолтой байгаа талаар санал тавьсан. Гэхдээ үүнээс илүү сонирхолтой хувилбар бол Ази тивийг хамруулах явдал байсан. Тиймээс Ази тивийн хувилбарыг хийхээр шийдсэний дараа тэд бидэнд гайхалтай оролцогчид болж болохоор хүмүүсээ санал болгосон. 

Өмнөд Солонгосын багийн хувьд өмнө нь энэ шоунд орж байсан туршлагатай учраас тактикийн хувьд давуу талтай мэт санагдаж болох ч бусад улс орны тамирчид ч мөн эх орондоо энэ төрлийн, амьд үлдэхийн төлөө тэмцдэг нэвтрүүлгүүдэд оролцож байсан туршлагатай хүмүүс байсан. Шоуны үр дүнд нөлөөлөх, эсвэл тэдэнд давуу тал олгох нь хангалттай түлхэц болж чадах зүйл биш шүү дээ. 

 


Надад Бразил улсаас хамгийн их санал ирсэн. Мөн Африкийн бүс нутгаас ч олон санал ирсэн.

Шоуны арын албаны хувьд зураг авалтын талбайд маш олон орчуулагч ажиллуулсан. Ойролцоогоор нэг багт 4-5 орчуулагч ажилласан. Тэмцээн бүрд 6-10 талбайн шүүгч ажилласан. Гэсэн ч дэлгэц дээр тэднийг харуулахыг нэг их хүсээгүй. Учир нь үзэгчдийн анхаарал сарних эрсдэлтэй. Тэд мөн оролцогчдын аюулгүй байдалд анхаарч ажилладаг байсан. 

Бид хажуудаа том эмнэлэгтэй студи сонгосон. Нэвтрүүлгийн үед дор хаяж гурван түргэн тусламжийн машин бэлэн байдалд байдаг байсан. Мөн зураг авалтын талбай дээр 10 гаруй эмч ажилласан. 

 


Тэмцээн хэт сунжрах үед бид багийн ахлагчидтай ярилцаж, дүрмийг өөрчлөх эсэх дээр санал солилцож байсан. Үнэндээ би тэднийг туйлд нь хүртэл ядраахыг хүсээгүй. 

Улс орнууд өөр өөрсдийн далбаан дор нэгдсэн тул үндэсний бахархал нь сэргэж, тэмцээний үеэр маш мэдрэг болж байсан. Үзэгчдийг би энэ олон тамирчид өөр өөр уламжлалтай ч бие бялдрын хүчээр нэгдэж, том наадам хийж чадсан гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. 

Зураг авалтын үеэр хөгжилтэй зүйл олон гарч байсан. Энэ бүхэн шинэ төрлийн олимпийн наадам шиг санагдах байх гэж бодож байна" гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top