Ирэх амралтын өдөр Испанийн хоёр том үндэстний хөлбөмбөгийн түүхэн тулаан болох гэж байна. Каталоны Барселона клуб өөрийн цэнгэлдэхдээ Атлетик Бильбао клубийг хүлээн авна. Яг одоогоор Испанийн Ла лигийн хүснэгтэд Барселона клуб 28 оноотой хоёрдугаарт жагсаж байгаа бол Атлетик Бильбао клуб 17 оноотой долоодугаарт эрэмбэлэгдэж байна.
Түүхэн тулаан
Энэ хоёр клубийн тулааныг зөвхөн хөлбөмбөгийн тулаан гэхээсээ илүү түүхэн уламжлалтай тулаан гэж дүгнэж болно. Испанийн хөлбөмбөгийн дээд ангилал үүсэн бий болсон тэртээ 1929 оноос хоёр клубийн аль, аль нь доош унаж байгаагүй бахдам түүхтэй. Испанийн хөлбөмбөгийн дээд ангилалд Барселона 28 удаа түрүүлж байсан бол, Атлетик Бильбао клуб найман удаа түрүүлж байжээ.
Энэ хоёр клубийн тулаан нэгэндээ найр тавьсан, даруухан байгаагүй. Хэн, хэн нь ялах чинхүү хүсэл тэмүүллээр дүүрэн тоглодог билээ. Тиймдээ ч гайхалтай гоолоор арвин байсаар ирсэн.
Хоёр клубийн тулааныг чимж байгаа нэгэн зүйл байна. Тэр нь Нико Уильямс. Атлетикийн амин зүрх болсон тэрээр зуны солилцоо наймаагаар Каталонд ирэх гэж байгаад больсон. Энэ нь нэг талдаа Баскийн багтаа хайртай гэж харагдаж байгаа ч нөгөө талдаа Каталонийг голдог хэн бэ гэсэн бухимдлыг төрүүлсэн. Энэ улирлын форм тун тааруу байгаа Нико Уильямс Барселона клубийн талбайд чухам хэрхэн тоглох вэ гэдэг нь анхаарлын төвд байх болно.
Барселонын ялалтууд
Реал Мадрид клубд хожигдсоноос хойш хоёр тоглолтод олон гоол оруулж, ялалт ялалт байгуулаад байна. Тэд Эльче клубийг 3-1 онооны харьцаагаар, Селта Виго клубийг 4-2 онооны харьцаагаар буулган авсан. Ялалт байгуулсан дээрх хоёр тоглолтод Ламин Ямал гоол оруулсан бол сүүлийн тоглолтод Роберт Левандовски гэмтлээс эргэн ирээд хет-трик толилуулсан.
Атлетикийн тааруу форм
Баскийн клуб сүүийн гурван тоглолтод нэг тэнцээ, хоёр хожигдолтой тун тааруу формтой байсан. Өнгөрсөн тойрогт лигийн хомоол хамж байгаа Овейдо клубтэй таарч 1-0-ийн харьцаагаар арай гэж ялалт байгуулсан. Олон ч гоолын боломжоо алдаж, өөрсдөө ч хаалгандаа гоол алдах шахсан энэхүү тоглолтыг агуулга Атлетикийн хувьд тун тааруу байсныг хэлэх хэрэгтэй.
Тоглолтын үр дүн ямар байх вэ?
Энэ тоглолтын тухайд "1xbet" зэрэг тааврын сайтууд Барселонаг ялалт байгуулах магадлал харьцангуй өндөр гэж дүгнэж байна. Барселона клубийн хувьд бөмбөг хянах тал дээр анхаарлаа төвлөрүүлнэ. Энэ улиралд гайхалтай формтой байгаа Фермин Лопес аюул тарьж болзошгүй. Гоолын машин гэгдэх Роберт Левандовски ч зүгээр байхгүй нь тодорхой. Жигүүрийн довтлогч Ламин Ямал чухам ямар тоглолт үзүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй. Рафинья гэмтлээсээ ирвэл формоо олж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Рафинья ирэхгүй бол түүнийг тун чадварлаг орлож буй Маркус Рашфордд гараанд гарахад асуудалгүй.
Атлетик клуб тааруухан байгаа ч Эймерик Лапортын хамгаалалт, Нико Уильямсын сөрөг довтолгоонд найдхаас өөр аргагүй. Барселона клуб отон тоглолтын хавх тавихдаа олон алдаа гаргаж байгаа болохоор сөрөг довтолгоогоор гоол оруулах гэж хичээх нь дамжиггүй. Магадгүй Баскийн довтлогч Горка Гурузетад гоолын боломж ч ирж болох юм.
Энэ улирлын хувьд хоёр клубийг бэртэл гэмтэл зовоож байгаа. Барселона клубээс Педри, Гави нар гараанд гарахгүй. Харин Атлетикийн тухайд Иньяки Уильямс, Ойхан Сансет нар гарахгүй. Бэртэл гэмтлээс гадна Барселонагийн сүүлийн тоглолтод Френки де Йонг улаан хуудас авсан учраас энэ тоглолтод оролцох боломжгүй байна.
Шинэ "Камп Ноу"-д эргэн ирнэ
Барселонийн түүхэн цэнгэлдэх "Камп Ноу"-д эцэст нь нэг юм тоглолт хүлээн авахаар боллоо. Анх төлөвлөж байхдаа 2025 оны сүүлээр өдийд үүдээ нээнэ гэж төлөвлөж байсан ч хойшилсоор байна. Гэсэн хэдий ч цэнгэлдэх бүрэн ашиглалтад ороогүй байгааг санах хэрэгтэй. Испанийн хөлбөмбөгийн холбооноос хэсэгчилсэн зөвшөөрөл авсны үр дүнд 45 мянгаас илүүгүй хөгжөөн дэмжигч энэ тоглолтыг үзэж сонирхоно.

Сэтгэгдэл ( 0 )