Монгол, Оманы Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов

Я.Болор | Zindaa.mn
18 цагийн өмнө

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оманы Султант Улсын Гадаад хэргийн яам хоорондын анхдугаар улс төрийн зөвлөлдөх уулзалтыг 2024 оны 12 дугаар сарын 9-ны өдөр Оманы нийслэл Маскат хотноо зохион байгуулав.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Далайн орнуудын газрын захирал А.Ананд, Оманы ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал Абдулазиз бин Мухаммад Аль-Хосни нар тэргүүлэн оролцов.

Талууд зөвлөлдөх уулзалтын үеэр Оманы Султант Улсын Гадаад харилцааны сайд Бадр Аль-Бусайдигийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр анхдугаар зөвлөлдөх уулзалтыг хийж байгааг онцлоод цаашид улс төр, батлан хамгаалах,  худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов. Энэ хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор талууд Өргөмжит консулуудыг ойрын үед харилцан томилохоор болов.

Мөн Оманы Султант Улсын ГХЯ-ны Улс төрийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга ноён Шейх Халифа Аль-Харти зөвлөлдөх уулзалтад оролцож буй монголын талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Монгол, Оманы харилцаа, хамтын ажиллагаа хийгээд олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top