Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 41 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал:
-Дорноговь аймгийн прокурорын газраас “Г” хадгаламж зээлийн хоршооны Дорноговь аймаг дахь салбарын зээлийн мэргэжилтэн У.Н нь ажил үүргийнхээ дагуу олж авсан иргэний мэдээллийг ашиглан зээл гаргуулсан гэх хэрэгт хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлал, хамгаалалтыг сайжруулах, эрсдэлийн үнэлгээг гаргаж ажиллах талаар хадгаламж зээлийн хоршоонд
-Чингэлтэй дүүргийн прокурорын газраас дүүргийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн сурагчид сургууль дотор хоорондоо маргалдан, зодолдсон гэмт хэрэг гарсантай холбоотойгоор сурагчдад хууль тогтоомжийн талаар мэдээ, мэдээлэл өгч, эерэг нөлөөллийн ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар тус сургуулийн захиргаанд,
-Тээврийн прокурорын газраас хийсэн “зам тээврийн ослоос шалтгаалж хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл”-ийн судалгааг үндэслэн дээрх төрлийн гэмт хэрэг хамгийн их бүртгэгдсэн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгуулахаар тус тус прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүргийг хуулиар хүлээдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )