Баярлалаа Анхаа, энэ хүртэл эх орноо ӨНДӨРТ ӨРГӨЖ ирсэнд

3 цагийн өмнө


Баярлалаа, Анхаа. Юуны өмнө энэ үгийг хэлэхийг хүсэж байна.

Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг их спортоос зодог тайлах шийдвэрт хүрч байгаагаа Дэлхийн аваргын долоо дахь медалийг эх орондоо авчирсан бахархам амжилтынхаа араас дуулгалаа.

Аравхан настайгаасаа хүндийг өргөлтийн спортоор хичээллэж, 17 жил тасралтгүй дэлхийн тавцанд өрсөлдөж, өдөр бүрийн тогтмол бэлтгэл хийж ирсэн эмэгтэй хүнд энэ хугацаа харин ч урт зам байсан билээ.

М.Анхцэцэг хоёр жил спортоор хичээллэснийхээ дараа 12 настайдаа (2009 он) Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргасан бол 15 настайгаасаа (2012 он) хүндийг өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн юм.

Энэ үеэс монголчуудын хайр, итгэлийг соронз шиг татсан өсвөрийн өргөгч Анхаа тив, дэлхийд танигдаж, 13 насандаа (2010 он) Спортын мастер, 14 насандаа (2011 он) Олон улсын хэмжээний мастер цолонд хүрч, Монголын хүндийг өргөлтийн спортын бүх АНХДАГЧ, ДЭЭД амжилтуудыг тогтоосоор, олимп, дэлхийн тавцанд Монголоо өргөж аваачсан билээ. 
 


19 насандаа анхны олимпдоо оролцож байсан түүний тив, дэлхий, олимпын наадамд гаргасан амжилтын дарааллыг эргэн харцгаая.
 

  • 2014 он: Өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медаль
     
  • 2014 он: Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медаль
     
  • 2015 он: “Дэлхийн цом”-ын тэмцээний хүрэл медаль
     
  • 2016 он: Залуучуудын ДАШТ-ий алтан медаль (Монголоос анх удаа)
     
  • 2016 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий алтан медаль (Монголоос анх удаа)
     
  • 2016 он: “Рио-2016” олимпын наадам – Шагналт 8-р байр
     
  • 2016 он: Залуучуудын Азийн АШТ-ий алтан медаль
     
  • 2016 он: Оюутны ДАШТ-ий алтан медаль (Монголоос анх удаа)
     
  • 2017 он: Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн
     
  • 2017 он: Азийн танхимын болон тулааны спортын наадмын алтан медаль
     
  • 2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медаль (Монголын анхны ДАШТ-ий медаль)
     
  • 2019 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медаль
     
  • 2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медаль 
     
  • 2019 он: “Дэлхийн цом”-ын тэмцээний алтан медаль
     
  • 2020 он: “Токио-2020” олимпын наадам – Шагналт IV байр
     
  • 2021 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ий алтан медаль (Огцом, түлхэлттэй өргөлтөөр тус бүр мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр Дэлхийн аварга болсон)
     
  • 2022 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгөн медаль
     
  • 2024 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгөн медаль


М.Анхцэцэг спортын карьерынхаа 17 жилийн хугацаанд 3 олимп, 8 удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, зөвхөн Дэлхийн аваргаас 7 медаль хүртжээ.

2021 онд Дэлхийн аварга болохдоо огцом, түлхэлттэй өргөлтөөр тус бүр мөнгөн медаль хүртсэн нь Дэлхийн аваргын нийлбэр амжилт болох алтан медалийн ард “нуугдаж”, тухайн нэг тэмцээнд гаргасан амжилт гэдэг утгаараа алтан медалийг л тухайн жилийн өндөр амжилтаар тооцон ярьж байгаа ч үнэндээ бол М.Анхцэцэг Дэлхийн аваргаас энэ хоёр мөнгийг нэмээд, нийт 7 медальтайгаар их спортоосоо бууж байна. 

(ДАШТ-ий он цагаар буюу эцсийн амжилтаар 5, медалийн үзүүлэлтээр 7 медаль)
 


 

  • 2017 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
  • 2019 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
  • 2021 оны ДАШТ - Алт (Нийлбэр дүнгээр)
     

2021 оны ДАШТ – Мөнгө (Огцом өргөлт)
2021 оны ДАШТ - Мөнгө (Түлхэлттэй өргөлт)
 

  • 2022 оны ДАШТ - Мөнгө (Түлхэлттэй өргөлт)
  • 2024 оны ДАШТ - Мөнгө (Огцом өргөлт)


Тэр анх энэ хүнд спортыг хүчирхэг, гайхашруулсан амжилтаар эхлүүлж байсан шигээ хүч нь саараагүй, бахархам ялалтаар дуусгаж чадлаа.  

Карьерынх нь хувьд олон улс, тив, дэлхийн сүүлийн тэмцээн болсон 2024 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аваргаас хэдхэн хоногийн өмнө мөнгөн медаль хүртэхдээ “Огцом”-д 116 кг-ыг өргөсөн нь түүний 2014 онд буюу 10 жилийн өмнө тамирчныхаа ид хүчирхэг эхлэл дээр Залуучуудын Азийн аваргаас анхны хүрэл медаль хүртэхдээ үзүүлж байсан амжилттай адил байлаа. Түүнийг дэлхийн тамирчин болгосон тэр өргөлтийн хүндийн жин 115 кг байсан юм. 17 насандаа өргөж байсан хүндийг яг арван жилийн дараа 27 насандаа хамгийн сүүлийн тэмцээн дээрээ Анхаа дахин өргөлөө. Дахин дийллээ. Өргөх өргөхдөө өндрөөс өндөрт өргөлөө. Энэ бүхэн түүний их спортод, юугаар ч солиогүй Монгол орондоо, Монголын ард түмэндээ өгч байгаа томоос том талархал шиг, “Хүндээс хүнд хөдөлмөрөө энэ хүртэл үүрлээ шүү” гэсэн хүндэтгэл шиг санагдсан.

Сүүлийн Дэлхийн аварга дээр Анхаа Монгол Улсынхаа дээд амжилтыг 91 дэх удаагаа шинэчлэн тогтоожээ.

Бас тэр хүндийг өргөлт хэмээх энэ их хүнд хийгээд хүндэтгэлт спортын Монголын анхны Өсвөрийн Дэлхийн аварга, Залуучуудын ААШТ-ий хошой аварга, Залуучуудын Дэлхийн аварга, Оюутны Дэлхийн аварга, Азийн танхимын болон Тулааны спортын наадмын аварга,”Дэлхийн цом”-ын аварга, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, Дэлхийн аварга гээд бүх шатны тэмцээнээс АВАРГЫН АЛДРЫГ эх орондоо овоглон авчирчээ. 

Баярлалаа, Анхаа. Энэ үгийг дахин дахин хэлэхийг хүсэж байна. Энэ хүртэл эх орноо өндөрт өргөж ирсэнд баярлалаа. Өндөр, дээд түвшний дэлхийн тамирчин бэлтгэн, бойжуулсан Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр танд баярлалаа. 

Монголын хүндийг өргөлтийн спортын эрхэм нэр хүндийг өндөрлөг бүхэнд хүргэж, мянга мянган тамирчдынхаа урам зоригийг сэргээж, их спортын үнэт зүйлийг өргөхөд үнэтэй хувь нэмэр оруулсанд гүн хүндэтгэн, талархал илгээе.  

Хүндийг өргөлтийнхөн хүнд туухай, хатуу шалтай бэлтгэлийн өрөөнд амьдралынхаа хэдий хугацааг элээж, бүх үеэ тасартал бэртэл, гэмтэл туулж ирснийг нь бодохын төдийд хайрлах, бахархах сэтгэл дүрэлзэн асдаг шүү, охидууд аа.

Бөхийн дэвжээ, дэлхийн дээвэр Эверестийн оргил, боксын ринг, сурын талбай, шатрын нүүдэл, буудлага, галын шугаман дээр монгол бүсгүйчүүд тулалдсаар л байна. Та нар бол баатар шүү, бүсгүйчүүд ээ. 



 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top