Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ сарын 12, 13-ны өдрүүдэд хуралдаж, бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, банкны төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан билээ.
Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ, Инфляц ирэх онд зорилтот түвшнээс бага зэрэг давахаар байгаа хэдий ч, 2026 оны эхнээс зорилтын орчимд тогтворжихоор байна. Иймд зээл, санхүүжилтийн нөхцөлийг хэт хатууруулахгүй байж, дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 10 нэгж хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Банкны салбарын зээлийн өсөлт эрчимжсэн хэвээр байгаа нь хэрэглээний импорт, дотоод эрэлтийг өдөөх, цаашлаад санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахад хүргэж болзошгүй байна. Иймд Мөнгөний бодлогын хороо зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, харгалзан 11 хувь болон 16 хувьд хүргэхээр шийдвэрлэв.
Эдгээр багц бодлогын шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно." гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )