Бангладешийг “Оны улс” гэж нэрлэжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 12 сарын 21

Их Британийн The Economist сэтгүүл Бангладешийг “Оны улс” гэж нэрлэжээ.

Олон нийтийн эсэргүүцлийн ажиллагааны үр дүнд тус улсын иргэд засгийн эрх баригчдаа сольж чадсан учраас “Оны улс”-аар зарлагдах эрхтэй болсон юм гэж тус сэтгүүлийн редакцын өгүүлэлд тэмдэглэсэн байна.

Наймдугаар сард өрнөсөн оюутны эсэргүүцлийн ажиллагааны улмаас 175 сая хүн амтай энэ улсын засгийн эрхийг 15 жилийн турш барьсан ерөнхий сайд Шейх Хасина огцорсон ажээ. Тусгаар тогтнолын төлөө тэмцлийн баатар хүний охин Шейх Хасина-гийн засаглалын үед эдийн засгийн эрс өсөлт гарсан боловч тэрээр эсрэг үзэлтэй хүмүүсийг хэлмэгдүүлж, шоронд хорьж, сонгуулийн дүнг хуурамчаар гаргаж, эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид руу гал нээх тушаал өгч байсан байна.

The Economist сэтгүүлд тэмдэглэснээр, тус улсад исламын шашинтнууд террорист ажиллагаа явуулах аюул нүүрлэсэн хэвээр байгаа боловч шилжилтийн үеийн үйл явц одоогоор таатай өрнөж байгаа аж. Нобелийн энх тайвны шагналт Мухаммад Юнус тэргүүтэй түр засгийн газрыг оюутнууд, арми, бизнес эрхлэгчид болон иргэний нийгэмлэг дэмжиж байгаа юм байна.

Тус сонины газраас “Оны улс”-аар зарлагдах эрхийн төлөө энэ онд Бангладешаас гадна Аргентин, Польш, Сири болон ӨАБНУ өрсөлдсөн ажээ. The Economist сэтгүүл нь “Оны улс”-ыг 12 дахь жилдээ зарлаж байгаа юм. Өнгөрсөн жил Грек улсыг “Оны улс”-аар зарласан байна. Бангладеш улсад өрнөсөн засгийн газрын эсрэг ажиллагааны үеэр наймдугаар сарын 5-нд тус улсын ерөнхий сайд Шейх Хасина огцорч, улс орноо орхин гарсан ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг(172.56.216.87) 2024 оны 12 сарын 22

Коммунист МАН ыг дарж устгаад оны улс болох юмсан Монгол.

1  |  0
Close menu