Улс орнууд БРИКС-т элсэхээр дугаарлаж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 22

Бангладеш улс БРИКС клубт элсэхээр тавд дугаарлав. Түүний өмнө Аргентин, Иран, Алжир, Египет албан ёсны өргөдлөө өгөөд байна.

Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн байгуулсан клубт элсэх сонирхлоо Туркээс авхуулаад Уругвай хүртэл олон улс орон янз бүрийн хэлбэрээр илэрхийлж байна.

Энэхүү механизмыг 2009 онд дөрвөн улс байгуулсан ба хоёр жилийн дараа Өмнөд Африкийг элсүүлснээс хойш эгнээгээ өргөтгөөгүй. Харин сүүлийн үед тус клубийг тойрон амьдрал идэвхтэй өрнөж эхлэв. Ирэх наймдугаар сард Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад болох дээд хэмжээний уулзалтаар ууган гишүүн орнууд клубийнхээ эгнээг өргөтгөх стратегийг хэлэлцэх товтой. Шинэ гишүүд элсүүлснээр ямар үр ашигтай вэ? Энэ “тоосгонууд” юунд хэрэгтэй вэ?

БРИКС нь цэрэг улс төрийн бус холбоо бөгөөд цэрэг, улс төрийн холбоо болох ч боломжгүй. Учир нь БНХАУ ийм төрлийн эвсэлд нэгдэн ордоггүй. Энэ бол тус улсын гол зарчмуудын нэг. Тиймээс БРИКС нь хамтын ажиллагааны клуб ба платформ гэвэл илүү үнэнд нийцнэ. Ингэхдээ клубийн гишүүд бие биеийнхээ өмнө эрх зүйн тодорхой үүрэг хүлээдэг. Яг л “Их-7” бүлэг шиг. Гэхдээ хөгжиж буй орнуудыг багтаасан ба өрнөдөөс үл хамаарах өөрийн гэсэн дэд бүтэцтэй.

Тэгвэл эл клуб хэнийх вэ? Анхандаа энэ нь өөр өөрсдийн хүчтэй талтай, онцгой нөлөө бүхий орнууд, дор хаяж бүс нутагтаа тэргүүлэгч орнуудын клуб байв. БНХАУ нь дэлхийн төмрийн дархан бол Бразил хөдөө аж ахуйгаа, Энэтхэг эмийн үйлдвэрлэлээ амжилттай хөгжүүлж байгаа бол Орос нь эрчим хүчний аварга нийлүүлэгч.

Бүс нутагтаа нөлөө бүхий тоглогч гэсэн тодорхойлолтод Иран, Египет, Аргентин ямар нэгэн байдлаар тохирох бол Алжир, Бангладешийн хувьд тохирно гэж хэлэх боломжгүй. Тус хоёр улс ядуу бөгөөд дотоодын асуудал ихтэй. Алжир газрын тос, байгалийн хийтэй бол Бангладеш ийм баялгаараа бахархаж чадахгүй.

Хэрэв БРИКС-ийг том зургаар нь харах юм бол Бразил нэгдсэн валютын төлбөр тооцоонд шилжихийг санал болгож байгаа. Гэхдээ энд ам.доллар эсвэл еврог дурдаагүй. Тус клубт санхүүгийн систем нь сул хөгжсөн бага орлоготой орнууд орох тусам энэ санаачилгын ирээдүй тэр чинээгээр суларна.

Мэдээж хэрэг ядуу байх нь гэм биш. БРИКС-ийн гол зорилгуудын нэг бол ядууралтай тэмцэх. Тиймээс БРИКС+ гэсэн шинэ формат бий болно гэсэн хүлээлт байсан. Өөрөөр хэлбэл, БРИКС-ийн анд нөхдийн клуб, өрнөдийн ОУВС, Дэлхийн банкны ижил хувилбар болох Хөгжлийн шинэ банк зэрэг төслүүдэд шинэ орнууд нэгдэнэ гэсэн алсын хараа бий.

Бангладеш улс нь Саудын Араб, Уругвай зэрэг орнуудтай зэрэгцэн шинэ банкны оролцогч болсон. Бангладеш улсад хөгжилд нь хөрөнгө оруулалт хэрэгтэй. Харин Хөгжлийн шинэ банкны хөрөнгө оруулалтын хувьд тус улс нь дотоодын аж үйлдвэрлэлийн өсөлтөөрөө ирээдүйтэй орон зай болж байна. Бангладеш улсын хүн амын ихэнх хэсэг нь өрхийн аж ахуй дээр түшиглэн амьжиргаагаа залгуулдаг. Өөрөөр хэлбэл өрхийн газар тариалан эрхэлдэг ба эдийн засагтаа оролцдоггүй. Бангладеш нь асар том улс тул тосгон шиг амьдарсаар байх боломжгүй.

Харин БРИКС-т элсэх орнуудын дараалалд зогссоноор зөвхөн Хөгжлийн шинэ банканд оролцоод зогсохгүй шийдвэр гаргах үйл явцын төвд орох хүсэлтэй. Том зорилготой тус улс залуу ч гэсэн эртний түүх, соёлын өлгий.

Венесуэлийн хувьд илүү даруухан зан гаргав. БРИКС-т нэгдэхийг хүссэн ч албан ёсны өргөдөл өгөөгүйгээс гадна болзол тавиад буй. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн хэлснээр, шаардлагатай гэж үзвэл элсэнэ. Өөрөөр хэлбэл бардам Венесуэл ямартаа ч том гүрнүүдийн клуб гэх БРИКС-ийн албан бус ч гэсэн хэдийн тогтсон тодорхойлолтод тохирохгүй гэдгээ ухамсарлажээ. Гэхдээ үүнийг өөр талаас харж болно.

БРИКС дэлхийн хүн амын хэдий чинээ их хэсгийг төлөөлнө төдий чинээ илүү ирээдүйтэй, илүү ардчилсан байх болно. Энэ тохиолдолд Бангладеш улс “тэнгэрийн умдаг” гэсэн үг. Учир нь тус улс хүн амын тоогоор дэлхийд наймд бичигддэг. Тус улсад 170 сая гаруй хүн амьдарч байна. Тэр хэмжээний ажиллах хүчтэй улс. Ийм хэмжээний ажиллах хүчийг хүн ам зүйн хямралд ороод буй Хятад ч санал болгож чадахгүй.
Олон янз байдал нь мөн л хүч гэдэг. БРИКС нь маш олон төрлийн тогтолцоо хоорондын хамтын ажиллагааны тод жишээ. Эдгээр тогтолцоо нь нэг зүйл дээр санал нэгддэг нь бие биеийхээ дотоод хэрэгт үл оролцох, аль нэг тогтолцоог “туйлын зөв” гэж тунхаглахгүй байх.

Энэ утгаараа Бангладеш нь үнэт нэр дэвшигч. Өөрийнхөө онцлогоороо хэвшмэл ойлголтыг эвдэж чадсан улс. Бангладеш нь ардчилсан орон. Олонхыг бүрдүүлдэг лалын шашинтан, хиндү болон христийн шашинтнууд хоорондын ертөнц өөрийн гэсэн эрх зүйн тогтолцоотой, өөрийн гэсэн зан заншилтай нийгмийн бүлгүүд дээр суурилдаг. Тус улсын парламент эмэгтэйчүүдийн квоттой. Эрх мэдлийн төлөөх 20 жилийн тэмцэл хоёр гол нам, давхарга хооронд үргэлжилдэг нь хоёр тодорхой эмэгтэй улстөрч хоорондын хувийн өрсөлдөөн юм. Тэд бол Ерөнхий сайд асан Халеда Зиа Бегум ба одоогийн Ерөнхий сайд Шейха Хасина. Энэ бол өрнөдийн загвар онцгой, орлуулшгүй гэсэн ойлголтыг үгүйсгэсэн жишээ. Ямартаа ч БРИКС нь өрнөдийн хяналт доорх дэлхийн хөгжлийн үзлийг орлох хувилбар.

Цаашдын зорилтуудыг хэрхэн тодорхойлох, үүн дээр үндэслэн клубийг хэрхэн өргөжүүлэх асуудал Өмнөд Африкт болох дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэгдэнэ. Түүхэн шийдвэрүүд гарах хүртэл цаг бага үлджээ. Эх сурвалж: РИА Новости

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(103.212.119.203) 2023 оны 06 сарын 22

Монгол орон минь мөрөөрөө мөөмөө унжуулаад амьдарч үз,далд санаа нь тодорхойгүй элдэв юманд хутгалдах огт хэрэггүй.

3  |  1
Зочин(64.119.18.149) 2023 оны 06 сарын 28

Монгол улс хурдан өргөдөлөө өгөх хэрэгтэй, хүчирхэг холбоо

2  |  1
Top