БРИКС-ийн гишүүн орнууд тунхаг батлав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 07

БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагчид Рио де Жайнеро хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр хамтарсан тунхаг гаргав.

Нийт 45 хуудас бүхий баримт бичиг 126 заалттай. Тунхагт Украин, Ойрх Дорнод дахь мөргөлдөөн, сансрын уудмыг эзэмших, эрүүл мэнд зэрэг салбарт хамтран ажиллах, терроризмтой тэмцэх тухай сэдвүүдийг онцолсон байна.

Талууд Газын зурваст гал зогсоох тухай яриа хэлэлцээг үргэлжлүүлж, Израилын цэргийг тус зурвасаас гаргах, барьцааны хүмүүсийг суллах, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй нэвтрүүлэх боломжийг бий болгохыг уриалсан байна. Ингэхдээ талууд Газын зурвас нь Палестины нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэдгийг сануулж, Палестины ард түмэн тусгаар Палестин улсыг байгуулах эрхтэй болохыг онцолжээ. 
Талууд мөн Украины мөргөлдөөнийг зохицуулах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтууд мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Талууд хиймэл оюун ухаан нь ирээдүйн цэцэглэлтэд чиглэсэн хөгжлийг түргэтгэх чухал боломж гэдгийг хүлээн зөвшөөрч, хиймэл оюуныг удирдах нь болзошгүй эрсдэлийг бууруулах, бүхий л орнууд, тэр дундаа бөмбөрцгийн өмнөд хагасын орнуудын хэрэгцээг хангах ёстой гэж үзэв.

БРИКС нь дэлхийн хэмжээнд хүчин чармайлтаа нэгтгэх замаар хиймэл оюун ухааныг удирдах системийг бий болгож, улс орнуудын нийтлэг үнэт зүйлсийг тусгах, эрсдэлийг тооцоолох, итгэлцлийг бэхжүүлэх, эрх тэгш олон улсын хамтын ажиллагааг хангах учиртай гэж тунхагт онцолжээ.

Талууд Хөгжлийн шинэ банк хөгжлийнхөө хоёр дахь алтан арван жилд орж буй энэ цаг үед тус банк дэлхийн өмнөд хагасын орнуудын хөгжил, шинэчлэлийн найдвартай бөгөөд стратегийн түнш байгууллагын хувьд үүрэг, оролцоо нь улам бүр өсөн нэмэгдэж буйг хүлээн зөвшөөрчээ.
Талууд БРИКС-ийг өргөтгөх үйл явцыг үргэлжлүүлэхийг уриалсан байна.

2026 онд БРИКС-ийг Энэтхэг даргалах бөгөөд дараагийн дээд хэмжээний уулзалт тус улсад болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu