ЕХ-ноос том зах зээл: Турк ямар зорилгоор БРИКС-т элсэхээр болов

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 04

Турк улс БРИКС-т элсэх өргөдлөө албан ёсоор өгсөн тухай Блүмберг агентлаг мэдээлэв. 2006 онд үүсэн байгуулагдсан тус нэгдэлд өдгөө Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Этиоп орж байгаа. Тус байгууллагад элсэх өргөдлөө Малайз, Азербайжан мөн албан ёсоор өгөөд байгаа билээ.

Режеп Тайип Эрдоганы засаг захиргааны үзэж буйгаар, геополитикийн төв өрнөдийн орнуудаас холдож эхэлсэн гэж Блүмберг агентлаг онцолсон. Гэхдээ тус агентлагийн эх сурвалжуудын тодруулснаар, Анкара нь НАТО-ийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэн, олон туйлт дэлхийн бүхий л орнуудтай харилцахаар зорьж байна.

Турк улс Европын Холбооны гишүүнд элсэх яриа хэлэлцээ нь бүтэлгүйтсэний дараа БРИКС-т элсэх шийдвэрээ хэдэн сарын өмнө гаргасан гэж Блүмбергийн эх сурвалж онцолжээ. 2005 оноос хойш үргэлжилсэн яриа хэлэлцээ бүтэлгүйтсэн нь Украинд цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш ч гэсэн Турк улсад Оростой нягт харилцаагаа хадгалж үлдэхэд хүргэсэн. БРИКС-т элсэх Туркийн өргөдлийг энэ сарын аравдугаар сарын 22-24-нд Оросын Казань хотноо болох тус байгууллагын дээд хэмжээний уулзалтаар авч үзэхээр төлөвлөж байна. Турк улс БРИКС-т элсэхээр зорьж байгаа тухай тус улсын Гадаад хэргийн сайд Хакан Фидан өнгөрсөн зургаадугаар сарын 4-нд Хятад улсад айлчлах үеэр мэдэгдэж байсан юм.

Турк улсад БРИКС ямар хэрэгтэй вэ?

Туркийн БРИКС-т элсэх сонирхол нь эдийн засгийн тулгамдсан асуудлаа шийдэх, эдийн засгийн өсөлтийн шинэ эх үүсвэр олох гэсэн эрмэлзэлтэй нь холбоотой. БРИКС-т элссэнээр худалдааны харилцаагаа бэхжүүлэх, гаднын хөрөнгө оруулалт татах, улс төрийн үүрэг хүлээлгүйгээр эдийн засгийн шинэ боломжуудыг нээнэ. Анкара нь Ойрх Дорнод, Европын улс төрд голлох үүрэг гүйцэтгэж, Африк тивд мөн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэж шинжээчид онцолжээ.

Гэсэн хэдий ч Турк БРИКС-т элсэх нь өрнөдийн ертөнцтэй холбоогоо бүрэн тасална гэж үзэхгүй байна.

Тус улс өрнөдийн гүрнүүдтэй харилцаагаа хөгжүүлэн, янз бүрийн эдийн засгийн болон улс төрийн эвслүүд хооронд тэнцвэртэй харилцаагаа хадгалахыг зорьдог. БРИКС нь Европын Холбоог орлох харьцангуй хүчтэй хувилбар болоод байна. Тус нэгдэлд ордог Энэтхэг, Хятад хоёр улсын нийт хүн ам бараг гурван тэрбум бөгөөд БРИКС-ийн гишүүн орнууд дэлхийн эдийн засгийн 30 гаруй хэвийг эзэлж байгаа нь өрнөдийн орнуудтай дүйцэхүйц юм. Улмаар БРИКС нь эгнээгээ тэлэх замаар эдийн засгийн хөгжлийн нөөц боломжуудаа нэмэгдүүлж, худалдааны хамтын ажиллагааны гол төв болох боломжтой юм.

Өдгөө тус байгууллагын гишүүн орнууд төлбөр тооцооны шинэ хэлбэр, санхүүгийн шинэ дэд бүтэц, үр тарианы бирж бий болгохоор ажиллаж байна.

Туркийн хувьд БРИКС нь нэгдүгээрт, бараа бүтээгдэхүүнээ борлуулах томоохон зам зээл юм. Ингэхдээ тус зах зээл нь Европын Холбооны зах зээлээс хамаагүй том. Хоёрдугаарт, хамтын ажиллагааны дүрэм, тодорхой механизм боловсруулах үйл явцын хувьд Турк улсад голлох байр суурийг эзлэх бүх боломж бий. Улмаар тус нэгдлийн хүрээнд Анкарагийн өмнө эдийн засгийн тогтвортой хөгжлөө хангах бүрэн боломж нээгдэх юм гэж ажиглагчид үзэж байна.

Тухайлбал, Турк улс нь хээрийн жоншны экспортоор дэлхийд нэгт бичигддэг бөгөөд уушгин чулууны олборлолтоор тэргүүлж, хром, гантиг, барит зэрэг ашигт малтмалыг экспортолдог. БРИКС-ийн хүрээнд тус улс тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлд тодорхой байр суурь эзлэх мөн боломжтой.

Үүний сацуу цахим аюулгүй байдал, орчин үеийн технологийн салбарт хамтран ажиллах нөөц боломж бий. Гэтэл орчин үеийн технологийг дан ганц улсад  боловсруулахад олон арван жил шаардагдана. Тиймээс эдгээр салбарын хамтын ажиллагаа Турк төдийгүй тус нэгдэлд элсэхээр сонирхож байгаа улс орнуудын эдийн засагт түлхэц өгөх юм.

БРИКС нь өөр хоорондоо маш их ялгаатай орнуудын нэгдэл юм. Тухайлбал, нэгдсэн нэг валют бий болгох зэрэг олон асуудлаар гишүүн орнууд хоорондоо нэгдсэн нэг шийдэлд хүрээгүй л байна. Турк улс БРИКС-т элссэнээр олж авах томоохон давуу тал нь БНХАУ-д төвтэй Хөгжлийн шинэ банкнаас санхүүжилт авах боломж юм. Гэтэл ОХУ өдгөө тус банкнаас зээл авах давуу талаа ашиглаж чадахгүй байгаа. Өрнөдийн хориг арга хэмжээ нөхөрлөлөөс илүү төлөөс шаардана.

Үүний сацуу Турк улс БРИКС-т элсэх өргөдлөө эсвэл гишүүнчлэлээ өрнөдтэй хийх яриа хэлэлцээндээ ашиглах ч боломжтой гэж ажиглагчид онцолжээ. Турк улсад Европын Холбоонд элсэх шанс бага бол БРИКС-т элссэнээр ихээхэн ашигтай байх юм. БРИКС нь өрнөд төвтэй системийг орлох хувилбар хэдий ч тус байгууллага хөгжих эсэх нь ашиг сонирхол нь асар их ялгаатай орнуудын байр сууриас шалтгаална. Тухайлбал, Энэтхэг, Хятад улс нь хоёр томоохон өрсөлдөгчид тул тус хоёр улс хүчтэй холбоо үүсгэх нь юу л бол.

БРИКС-т Турк ямар хэрэгтэй вэ?

Туркийг элсүүлснээр БРИКС-т ихээхэн ашигтай гэж шинжээчид үзжээ. Анкарад их хэмжээний байгалийн баялгийн нөөц үгүй ч газар зүйн хувьд маш ашигтай байршилтай. Худалдааны хувьд Турк улс нь үйлдвэрлэлийн өрсөлдөхүйц салбартай, Еврод, Ази, Африкийн холбосон стратегийн чухал байршилтай тул гишүүн орнуудын худалдааны боломжуудыг тэлж, худалдааны эргэлтийн хэмжээг үлэмж нэмэгдүүлэх чадвартай. Түүнчлэн, тус улс үндэсний валютаар хийх төлбөр тооцооны системийг хөгжүүлэх, банкны карт ашиглалтын боломжуудыг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Энэ нь тус блокийн ам.долларыг төлбөр тооцооноос халах ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа юм.

Түүнчлэн, БРИКС-т элсэх өргөдлөө өгсөн анхны НАТО-ийн гишүүн орон болох Туркийн зүгээс үзүүлэх улс төрийн дэмжлэг нь тус нэгдлийн дэлхийн тавцан дахь ач холбогдлыг нэмэгдүүлэхээс гадна байр суурийг бэхжүүлэх юм. Гэсэн хэдий ч БРИКС-ийн ам.долларыг халах зорилт, улс төрийн хязгаарлагдмал нөлөө нь Туркийн хувьд нэгэн төрлийн сорилт болох юм. Учир нь тус улсын худалдаа ам.доллароос ихээхэн хараат юм.

Шинжээчдийн онцолсноор, Туркийн эдийн засаг жилээс жилд эрчимтэй өсөж байгаа. Тус улс дэлхийн тод 20 эдийн засгийн нэг юм. Европ, Азийн дунд орших газар зүйн ашигтай байршлынхаа ачаар Турк стратегийн чухал хоолойнуудыг хянадаг.

Хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлснээр БРИКС Туркийн энэхүү давуу талыг ашиглах боломжтой болно.

БРИКС нь харьцангуй залуу нэгдэл. Турк зэрэг томоохон орнууд тус нэгдэлд элсэхээр сонирхож байгаа нь бусад улс орнуудад үлгэрлэх, тус байгууллагын нэр хүндийг өсгөж байна. Тухайлбал, БРИКС-ийн гишүүн орнуудын бүтээгдэхүүний нэр хүндэд эергээр нөлөөлж, худалдааны холбоодыг өргөжүүлэх боломжтой.

БРИКС-ийн ирээдүй

БРИКС+ форматын ДНБ нь 28.5 их наяд ам.долларт хүрч, дэлхийн нийт үйлдвэрлэлийн 28.1 хувийг бүрдүүлнэ. Ингэснээр БРИКС нь Их Британи, Герман, Итали, Канад, Франц, Япон болон АНУ-ыг нэгтгэдэг “Их 7” бүлэгтэй өрсөлдөхүйц болно.
Өдгөө БРИКС нь дэлхийн хүн амын амын 45 хувийг бүрдүүлж, дэлхийн нийт экспортын 25 хувийг хянаж байна. Тус нэгдэл газрын тос, газрын ховор элементийн үйлдвэрлэлийн ихээхэн хувийг эзэмшинэ. Одоогоор “Их 7” бүлэг дэлхийн ДНБ-ий 43.2 хувийг бүрдүүлж байгаа ч БРИКС-ийн гишүүн орнуудын эдийн засгийн хурдацтай өсөлт ойрын ирээдүйд энэ байдлыг өөрчилнө гэж ажиглагчид дүгнэжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top