Долларыг ялах төлөвлөгөө: Барууны хэвлэлүүд БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын талаар

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 24


Оросын Казань хотод БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт болж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзалт хийгээд байна. Өрнөдийн хэвлэлүүдийн бичиж буйгаар, тус арга хэмжээн дээр В.Путин тус байгууллагын гишүүн орнууд хоорондоо төлбөр тооцоо хийхдээ ам.доллароос татгалзаж, үндэсний валютаа хэрэглэх асуудлыг хэлэлцүүлэх, Москваг чухал холбоотнууд нь дэмжиж байгааг өрнөдөд харуулахыг зорьж байна.

Казань дахь БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Владимир Путин “долларыг ялах төлөвлөгөөгөө” танилцуулна гэж “The Economist” бичжээ. Тус хэвлэлд онцолсноор, Кремлийн тэргүүн дэлхийн санхүүгийн систем дэх АНУ-ын ноёрхолд цохилт өгөх, Орос болон түүний түншүүдийг хориг арга хэмжээнээс хамгаалах зорилгоор дэлхийн санхүү, тооцооны шинэ системийг бий болгох замаар тус блокийн үүрэг роль, ач холбогдлыг нэмэгдүүлнэ гэж найдаж байна.

Оросын эсрэг санхүү, эдийн засгийн хүчтэй хязгаарлалт нэвтрүүлж, сүүлийн 20 жилд АНУ-ын хар жагсаалтад орсон хүмүүсийн тоо огцом нэмэгдсэний дараа ихэнх улс орон ам.доллароос хараат байдлынхаа талаар бодож эхэлсэн гэж “The Economist” хэвлэлд дурджээ. Улмаар эдгээр улс олон улсын төлбөр тооцоог доллароор хийхээс татгалзах чиглэлд ихээхэн хүчин чармайлт гаргах болсон. Олон улсын төлбөр тооцоог ам.доллароор хийхийг Хятадын зүгээс эрсдэлтэй хэмээн үзэж буйг тус хэвлэл онцолжээ.

Тиймээс В.Путин БРИКС-ийн гишүүн орнуудын ам.долларт сэтгэл хангалуун бус байгаа байдлыг ашигтайгаар эргүүлэхээр эрмэлзэж байгаа бөгөөд санхүүгийн шинэ схемийг бий болгох нь түүний хувьд тэргүүлэх ач холбогдолтой геополитикийн стратеги болоод байна гэж тус хэвлэлд дүгнэжээ.

Казань дахь дээд хэмжээний уулзалт нь Орос улс олон тооны найз нөхөртэй, хүчтэй тоглогчийн хувиар олон улсын улс төрийн тавцанд эргэн ирсэн гэдэг дохиог өгөх зорилготой гэж “The Washington Post” бичсэн байна. Владимир Путины хувьд БРИКС нь АНУ-ын дэлхийн ноёрхлыг халах, ам.долларын эрх мэдлийг устгах гол хэрэгсэл юм. Бусад гишүүн орнуудыг бодвол Хятад улс энэхүү зорилгыг нь ихээхэн дэмждэг гэж тус сонин тодруулжээ.
 


Блүмберг агентлагийн мэдээлснээр, Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээтэй холбогдуулан БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагчид гаднын зочдоосоо Оросын банкны “Мир” карт ашиглах эсвэл бэлэн ам.доллар, евротой ирэхийг хүсжээ. Учир нь эдгээр валютыг Оросын ихэнх банкнуудад чөлөөтэй солих боломжтой.

Өрнөд В.Путиныг ганцаардуулж, тусгаарлахыг хүсэж байгаа ч Казань дахь арга хэмжээ Оросын Ерөнхийлөгч огт ганцаардаагүйг харуулж байна гэж CNN онцолжээ. Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Москвагийн зохион байгуулж буй хамгийн том арга хэмжээ нь В.Путинд БРИКС-ийн гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн болон бусад өндөр албан тушаалтнуудтай биечлэн ярилцах боломжийг олгож байна гэжээ.

Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өрнөд нь хориг арга хэмжээ, эвслүүдээрээ өөрөө өөрийгөө дэлхийгээс тусгаарласан гэдгийг ойлгуулахыг зорьж байна. Гэтэл ихэнх улс орон АНУ-ын дэлхийн ноёрхлын эсрэг тэмцэлд Москва, Бээжингийн хүсэл эрмэлзлийг дэмжиж байна. Ийм агуулгатай мэдэгдлүүд нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа энэ үед хүчтэй нөлөө үзүүлж болзошгүй гэж тус суваг онцолжээ.

CNN Казаньд хуран цугласан төрийн тэргүүн нар өөр өөр үзэл бодол, ашиг сонирхолтой гээд энэ нь БРИКС-ийн гишүүн орнуудын тус блокийн нэрийн өмнөөс нэгдсэн нэг мессежийг тодорхойлох боломжийг нь хязгаарлаж байна. Ялангуяа В.Путины хүссэн мессежийг.

БРИКС-ийн тэлэлт болон геополитикийн хагарал улам гүнзгийрч байгаа нь энэхүү нэгдлийн онцлог, хөгжлийн чиг хандлагыг улам бүр төвөгтэй болгож байна. Ингэхдээ АНУ-тай эрс тэс харилцаатай Энэтхэг, Хятадын хоорондын хилийн зөрчилдөөнийг CNN суваг сануулжээ.

БРИКС-ийн гишүүн орнуудын хооронд үзэл санааны гүн гүнзгий зөрчил байдаг, блок арайхийн зорилгоо томьёолон, тодорхойлж дөнгөж байгаа талаар мөн “The New York Times” хэвлэл бичжээ. Ингэхдээ тус сонин БРИКС-ийн гишүүн орнуудыг хоёр ангилсан байна. Нэг нь “дэлхийн бөмбөрцгийн дорно хэсэг”. Үүнд АНУ болон НАТО-той өрсөлддөг нэгдлийн албан бус хөдөлгүүр болох Хятад, Орос, Ираныг багтаажээ. Бусад гишүүн орнуудыг тус сонин “бөмбөрцгийн өмнөд хагас”-т оруулсан байна. Эдгээр орон нь илүү төвийг сахисан бодлого баримталдаг эсвэл Вашингтон болон өрнөдийн бусад орнуудтай нягт хамтран ажилласаар байгаа. Казань дахь дээд хэмжээний уулзалт нь БРИКС-ийн хувьд бөмбөрцгийн өмнөд хагаст чиглэсэн шинэ бүрэлдэхүүнээ танилцуулах боломж юм.

Ихэнх улс орон БРИКС-ийг өөрчлөгдөн буй дэлхийн геополитикийн баталгаа, АНУ-ын тодорхойгүй байдлаас хамгаалах хамгаалалт мөн санхүүжилтийн эх үүсвэр  гэж харж байна. Эдгээр орнууд Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг бодвол БРИКС-ийн Хөгжлийн шинэ банк шаардлага багатай гэж үзэж байна. Ам.долларын ноёрхол суларснаар тус байгууллагын гишүүн орнуудад өрнөдийн хориг арга хэмжээнээс хамгаалах хамгаалалт болно гэж “The New York Times” бичжээ.
 


“The Washington Post” хэвлэл БРИКС-ийг бөмбөрцгийн өмнөд хагаст АНУ-ын нэр хүнд унасны тод бэлэг тэмдэг хэмээн нэрлэжээ. Бөмбөрцгийн өмнөд хагаст ихэнх улс орон үндэснийхээ эрх ашгийг зүтгүүлэхийн тулд шинэ түншүүдээ эрэлхийлэн, өөрийгөө баталгаажуулж байна. Тэдний сонирхлыг өрнөдийн эсрэг Оросын хөтөлбөр гэхээсээ илүүтэйгээр Хятадын эдийн засгийн хүч татахаас гадна тэд  өрнөдийн “хоёр нүүр, бүтэлгүйтэл”-д урам хугараад байна. Хятад, Орос, Иран бүхий өрнөдийн эсрэг лагерь өрнөдийн эсрэг түрэмгий хандлагыг дэвшүүлбэл аль нэг талд орохыг хүсэхгүй байгаа орнуудыг нүүр бууруулахад хүргэнэ гэж “The Washington Post” хэвлэлд онцолжээ. Тухайлбал, Энэтхэг, Бразил хоёр дэлхийн дэг журмыг бөмбөрцгийн өмнөд хагаст ашигтай байхаар зохицуулахыг хүсэж байна.

Францын “Les Échos” сонинд БРИКС-ийн гишүүн байна гэдэг нь өрнөдийн эсрэг дуу хоолойг дэмжинэ гэсэн үг биш. Улс орнууд технологи, дэвшилтэт цэргийн техник эсвэл худалдааны яриа хэлэлцээнд хүчтэй байр суурьтай болох зэрэг өөрсдийнхөө зорилгод хүрэхийн тулд өрнөдтэй ч тэр Хятад, Оросын шинэ блоктой ч тэр харилцах харилцаагаа ашигласаар л байна.

Өмнөд Африк нэгдэхээс өмнө нь хэрэглэж байсан БРИК нэр томьёог зохиосон Их Британийн эдийн засагч Жим О’Нил Германы “Der Spiegel” сонинд өгсөн ярилцлагадаа бөмбөрцгийн өмнөд хагасын ихэнх улс орон БРИКС-ийн эсвэл уламжлалт өрнөдийн талын аль нэгийг сонгохыг хүсэхгүй байгаа гэсэн санаа илэрхийлжээ. БРИКС нь “Их 7” бүлгийн адил дэлхийн аливаа асуудлаар ганцаараа зөвшилцөлд хүрч чадахгүй. Өрнөдийн хувьд Хятад, Энэтхэг хоёр бараг хэзээ ч тохиролцоонд хүрдэггүй нь ашигтай байх талтай гэж О’Нил онцолсон байна.

Тэрбээр тухайн үеийн эдийн засгийн хамгийн их нөөц боломжтой Бразил, Орос, Энэтхэг, Хятад гэсэн дөрвөн улсын нэрийн эхний үсгээс бүрдсэн нэр томьёог зохиосноос хойш 23 жилийн дараах БРИКС-д урам нь хугарсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Үүнийг зохиох болсон гол санаа нь дэлхийн дэг журмын сул байдлыг илэрхийлэхэд оршиж байсан. Харин 23 жилийн дараа дэлхийн дэг журам тэр үеийнхээс ч илүү дордсон байдалтай байна гэж “Goldman Sachs” банкны ерөнхий эдийн засагч асан О’Нил дүгнэжээ.

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(202.126.90.187) 2024 оны 10 сарын 29

Ура!!!!

1  |  0
boldoo(178.174.229.45) 2024 оны 10 сарын 25

DANDAA UL BUTEH ULSUUD BDAG . OROSUUD L TEDNIIG ASHIGLAH GEED ELDEV YUM YARIAD BDAG BOLOHOOS ED NART YAMARCH NEGDSEN UNET ZUIL UZEL SANAA GJ BHGUI

0  |  0
Эх оронч монгол(103.168.34.7) 2024 оны 10 сарын 29

Орос нь манай Монголын нутаг дээр оршин тогтнож байгааг тэнэгүүд маш сайн ухаарах ёстой!!!! Манай Сибирийн их газрыг булаан дээрэмдэж, биднийг дэлхийд гарах гарцыг хаан боож, өөрийнхөө кольцоонд оруулсан. Ингээд бид хүчгүй сул дорой болсон. Одоо Америкийн дээр гарвал биднийг ёстой цус нөжтэй нь холино. 1937 онд Чингис угсааны монголчуудыг бүгдийг нь хядаж, 40 000 Монголыг хүйс тэмтэрсэн өс хонзонг бид хэзээ ч мартаж болохгүй!!! Оросыг дэмжиж байгаа бол чи хужаа шүү!!!!

1  |  0
Хулих Сони(202.21.109.13) 2024 оны 10 сарын 27

Бүх юмаа хийчихдэг байсан нь хэний ач вэ Бөгсөө чулуугаар арчдаг бөөсөндөө бариулсан народ байв даа

2  |  0
Балмад ажилчин(202.21.109.13) 2024 оны 10 сарын 25

Доллароор эхэлж угжаад дараа нь дороо хийгээд авдаг даа

0  |  0
Өртөөч(202.21.109.13) 2024 оны 10 сарын 27

Ямар азаар ийм баатар манай хөрш болов доо. Хэлээд яахав .хэлээд яахав

2  |  1
Дтлгор(202.21.109.13) 2024 оны 10 сарын 25

Ийм хүн хүссэнээ хмйнэ шүү

0  |  0
Гавшгайч(202.21.109.13) 2024 оны 10 сарын 25

Дээлийн энгэр цоолж чадаад байгаа юм арай согтуу байдаг юм болов уу? Уул нь ударник одон зүүгч шүү дээ

0  |  0
МАНЧИН(202.21.109.13) 2024 оны 10 сарын 26

Удахгүй БРИКС өөрийн валюттай болж ноён доллар дураараа дургихгүй зах зээл тэнцвэртэй хөгжих ч магад

0  |  1
Зочин(103.212.162.55) 2024 оны 10 сарын 25

Ерөнхийлөгч минь хаана яваад байдгийн голдуу согтуу байдаг гэж сонссон

0  |  0
Ах(66.181.179.60) 2024 оны 10 сарын 26

Хавханд орсон баавгайн аргаа барсан үйлдэл яг үнэндээ хятаддууд оросыг сөнөхийг нь л хүлээж байгаа

1  |  0
Оросыг хулихд(202.179.26.153) 2024 оны 10 сарын 26

Оросыг дагаад бид хөгжсөн бил үү...бүтэхгүй

2  |  0
sony(66.181.181.78) 2024 оны 10 сарын 26

Бразил нь бүр зугтаад ирээгүй. долларын эсрэг ажиллах гэж бж доллар бэлнээр авч ирэхийг хүссэн ч гх шиг. наад үлгэрээ больж үз

2  |  0
Ахмад ажилтан (103.212.162.127) 2024 оны 10 сарын 26

Амдолларын хүчээр босч цэцэглэн хөгжсөн булангийн орнууд, Энэтхэг, Бразил мэтийн улсууд Орос, Хятадыг хэт дагалдах нь юу л бол. БРИКС бол барууныхнаас өшөө авах гэсэн Оросын бодлого, тулгалт тул олон жил наслахгүй байх оо

3  |  2
цахар(103.99.103.99) 2024 оны 10 сарын 25

”БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагчид гаднын зочдоосоо Оросын банкны “Мир” карт ашиглах эсвэл бэлэн ам.доллар, евротой ирэхийг хүсжээ. Учир нь эдгээр валютыг Оросын ихэнх банкнуудад чөлөөтэй солих боломжтой” гэсэн байх юм. Уул шугамандаа бол долларын ноёрхлын эсрэг ажиллах гээд байгаа биз дээ.

2  |  0
Top