Дэлхийн эдийн засгийн төв дорно зүг рүү шилжиж байна: Турк ба БРИКС

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 10

Турк улс  БРИКС-т элсэх сонирхолтой байна гэж Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан БНХАУ-д айлчлах үеэр мэдэгджээ. Тэрбээр ОХУ-ын Нижний Новгород хотод энэ сарын 10-11-нд болох БРИКС-ийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор төлөвлөж байна. Өмнө нь Турк улс эдийн засгийн хувьд Европын Холбооноос өөр сонголтыг эрэлхийлж байна гэж мэдэгдэж байсан билээ. Энэ онд БРИКС-т Египет, Иран, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Саудын Араб, Этиоп нэгдэн орсон. Шинжээчдийн онцолсноор, Анкара БРИКС-ийн илүү ирээдүйтэй түншүүдтэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, эдийн засаг, улс төрийн байр сууриа бэхжүүлэхийг эрмэлзэж байна. 

Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан Турк улс 1999 оноос хойш Европын Холбоонд элсэхээр нэр дэвшсэн. “Нэгдмэл бодлогын” улмаас Европын Холбооны зарим томоохон гишүүн орнууд Туркт Европын блокийн бүрэн эрхт гишүүн болох боломж олгоогүй. Харин БРИКС нь Европын Холбоог орлох сайн сонголт хэмээн онцолжээ.

Анкарагийн гишүүн нь болохыг хүсэж буй хамтын нийгэмлэгт хөгжих орон зай их бий гээд хамтын ажиллагааны чухал талбар болсон БРИКС бусад улс орнуудад томоохон боломжийг санал болгож байгааг анхаарлын гадуур үлдээж болохгүй. Анкара БРИКС-т их нөөц, боломж байгааг харж байна гэжээ. 

ОХУ Туркийн БРИКС-т нэгдэх сонирхлыг дэмжиж байгаа гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна. Энэ сэдвийг ОХУ-ын даргалах БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэнэ гэжээ. 

 

Хамтын ажиллагааны эрэлд 

 

Сануулахад, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 2018 оны дөрөвдүгээр сард Анкарагийн БРИКС-т гишүүнээр элсэх сонирхлыг илэрхийлж байв. Түүний хэлснээр, Хятадын тал БРИКС-ийг эгнээг өргөжүүлэх байр суурийг идэвхтэй дэмжиж байгаа. Турк улс нь БРИКС-ийн таван гишүүний хамт “Их 20” бүлэгт багтдаг бөгөөд Анкаратай хамтран ажиллах нь эдийн засаг, хөрөнгө оруулалтын хувьд БРИКС-ийн орнуудад ашигтай байна гэж Эрдоган онцолсон байдаг. 

Хакан Фидан өнгөрсөн хоёрдугаар сард “A Haber” хэвлэлд өгсөн ярилцлагадаа Анкара нь Европын Холбоонд элсэх хүсэлтийг нь шийдвэрлэхийг хүлээлгүйгээр эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр өөр түүхэн замналыг эрэлхийлэх болно хэмээн ярьж байжээ. 

Турк улс нь 1999 онд Европын холбоонд элсэх нэр дэвшигчийн статустай болсон ч Анкара, Брюсселийн санал зөрчилдөөний улмаас хэлэлцээ нь мэдэгдэхүйц урагшилж чадаагүй юм.

Эрдоган энэ тал дээр Брюсселийг өөрийнхөө амлалтаа биелүүлээгүй хэмээн буруутгаж байв. 

 

 

Эгнээгээ тэлэх бодлого 

 

БРИКС нэгдлийг Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад улс 2006 онд байгуулсан ба 2010 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс нэгдэн орсон түүхтэй. БРИКС 2023 оноос эхлэн эгнээгээ тэлж эхэлснээс хойш 20 гаруй улс элсэх өргөдлөө өгөөд байна. 2024 оны нэгдүгээр сарын 1-нд хамтын нийгэмлэг эгнээндээ Египет, Иран, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Этиопыг албан ёсоор хүлээн авсан. Тус блокт Аргентин улс элсэхээр төлөвлөж байсан ч шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Хавьер Милей 2023 оны сүүлээр энэхүү шийдвэрээсээ ухарч байгаагаа мэдэгдсэн юм. 

БРИКС-ийн тэлэх үйл явц үргэлжилсээр байна. Тухайлбал, тавдугаар сарын 28-нд Тайландын Засгийн газар өргөдлөө өгчээ. “Bangkok Post” хэвлэлд Тайланд улс тус нэгдэлд элссэнээр олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлж, дэлхийн шинэ дэг журмыг бүрдүүлэхэд өөрийн үүрэг оролцоог нэмэгдүүлнэ гэж бичжээ. 

Энэ онд БРИКС-ийг ОХУ даргалж байна. Даргалагч орны хувьд БРИКС-ийн эгнээг шинэ гишүүдээр тэлэх нь чухал зорилтуудын нэг гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэж байсан билээ. Москвагийн зүгээс тавьж буй бас нэг чухал зорилт нь БРИКС-ийн гишүүн орнуудын хооронд гадаад бодлогын харилцан уялдааг  бэхжүүлэх явдал хэмээн тодорхойлжээ. Энэ асуудлыг мөн Нижний Новгород хотод болох уулзалтаар хэлэлцэх аж. Мөн БРИКС-т элсэх сонирхлоо илэрхийлж буй орнуудтай яриа, хэлэлцээ эхлүүлэх нь Москвагийн гурав дахь зорилт юм гэж Лавров онцолсон байна. 

 

 

Эрх ашгийн зөрчил

 

Анкарагийн БРИКС-т элсэх сонирхол нь дэлхийн геополитикийн нөхцөл байдалтай холбоотой гэж шинжээчид үзэж байна. 

Өдгөө БРИКС-т элсэхийг хүссэн орнуудын дараалал үүсээд байна. Улс төрийн газар зүйн хувьд Турк нь БРИКС-тэй хангалттай ойр тул энэхүү шийдвэрийг гэнэтийн гэж хэлж болохгүй.

Ингэхдээ Анкарагийн байр суурь нэлээн өвөрмөц байх юм. Учир нь тус улс НАТО-ийн гишүүн орон гэж Москвагийн улсын их сургуулийн Ойрх Дорнодын асуудлаар мэргэшсэн шинжээч Александр Вавилов онцолжээ. Мэдээж хэрэг, эрх ашгийн тодорхой зөрчил үүснэ.

Гэхдээ дипломат арга замаар аливаа асуудлыг шийдэх боломжтой гэжээ. 

Туркийн хувьд энэхүү блокт нэгдсэнээр давуу тал бий болно. Тухайлбал, Анкара БРИКС-ийн бусад гишүүн орнуудтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх нэмэлт сувагтай болж, тэдгээрийн экспортын нөөц боломж, зах зээлд нэвтрэх боломжоо өргөжүүлнэ. Үүний сацуу улс төрийн сонирхол бий. БРИКС нь нөлөө бүхий бүлэг болж, хөгжиж буй орнуудын анхаарлыг татаж эхэлсэн.

Туркийн Европын Холбоонд элсэх эрмэлзэл нь биелнэ гэсэн илтгэл нь алдагдаад байна. Тэд 25 жилийн турш Европын Холбоо үүдээ нээнэ гэж хүлээж байна. Анкара Европын интеграцид итгэх итгэл нь алдарч, энэ чиглэлээр хүчин чармайлт гаргахгүй хэмээн Эрдоган мэдэгдэж байв. Украин, Молдав зэрэг улс орон Европын Холбоонд элсэх нь асар их ач холбогдолтой гэж үзэж байгаа бол Туркийн хувьд ямар нэгэн эдийн засгийн давуу боломж олдоогүй. 

Ингэхдээ НАТО-ийн гишүүнчлэл эрх ашгийн зөрчил үүсгэж байгаа хэдий ч үүнийг шийдвэрлэх боломжтой гэж шинжээч үзэж байна. Учир нь Анкара НАТО-ийн эвсэл хоорондын харилцаа тийм ч дардан биш. Эрдоганы төрийн эрхийг барих хугацаанд барууныг дэмжсэн бүлгүүд түүний эсрэг төрийн эргэлт хийхийг завдаж, АНУ хориг арга хэмжээгээрээ туркийн лирийн ханшийг унаган, Оросоос агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем худалдан авахад саад хийж байсан билээ. Гэсэн хэдий ч НАТО-ийн гишүүн болох Турк ОХУ-тай худалдаа, эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлсээр байгаа бөгөөд эвслийн цэргийн хөлөг онгоцнуудыг Хар тэнгисээр оруулалгүй, Монтрёгийн конвенцыг тууштай баримталж байгаа юм. Европ, өрнөдийн ноёрхлын эрин үе төгсөж байгааг Анкара сайн ойлгож байна гэж Вавилов онцолжээ. 

Дэлхийн эдийн засгийн төв Дорно руу шилжиж байгаа бөгөөд дэлхийн шинэ дэг журамд БРИКС-ийн гишүүн орнууд тэргүүлэгч байр суурийг эзэлнэ гэж Анкара харж байна. Тиймээс Турк нь энэ үйл явцад идэвхтэй оролцож, Түрэгийн гэгддэг ертөнцөд лидерийн байр сууриа бэхжүүлэхийг зорьж байна. Үүний сацуу Анкара бүс нутагтаа жинтэй үүрэг гүйцэтгэн, эдийн засаг, геополитикийн хувьд ирээдүйтэй холбоотнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэхийг эрмэлзэж байна. Дэлхийн шинэ дэг журамд Хятад, Орос, БРИКС-ийн бусад гишүүн орнууд нь томоохон тоглогчид болно хэмээн Анкара харж байна гэж шинжээч дүгнэжээ. 

Турк зэрэг бүс нутагтаа тэргүүлэгч улс орнууд БРИКС-т элсэхийг тэмүүлэх тусам тус нэгдлийн ч нэр хүнд улам бүр өсөх юм. Эх сурвалж. RT 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(102.88.43.203) 2024 оны 06 сарын 11

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарс

0  |  0
Дэл(202.55.188.114) 2024 оны 06 сарын 10

Хөгжлийн төв ази болох нь цаг хугацааны асуудал монгол минь яаж тоглолтонд оролцох нь сонин байна

1  |  0
Top