Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар жил бүрийн арванхоёрдугаар сард «Кремлийн сүлд модны наадам»-ыг зохион байгуулдаг. Энэ жилийн “Кремлийн сүлд модны наадам-2024” энэ сарын 21-нд Русский дом-д боллоо. Энэ өдөр Монгол Улсын 300 гаруй хүүхэд багачууд, Монгол Улсад байнга оршин суугаа эх орон нэгтнүүдийн 100 орчим хүүхдүүдэд зориулан сайн үйлсийн урлагийн тоглолтыг үзүүлж, шинэ жилийн бэлэг гардууллаа.
Уг төслийг бага орлоготой өрх толгойлсон эцэг эхийн хүүхдүүд, мөн асрамжийн газрын хүүхдүүдэд зориулан зохион явуулж ирсэн бөгөөд энэ удаа «Газопровод Союз Восток» ХХК-ийн дэмжлэг дор зохион байгууллаа.
Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газраас Улаанбаатар хотноо жил болгон зохион байгуулдаг «Кремлийн сүлд модны наадам» тэртээ социализмын үеэс уламжлал болон зохион байгуулагдаж ирснийг 1970, 1980-аад оныхон сайн мэднэ.Одоо ч тэр үеийн хүүхдүүд, энэ цагийн 40-50 насныхан буюу ахмад үеийнхний дунд “Кремлийн сүлд модны наадам”-д оролцож, Кремлийн ордны дүрс бүхий улаан хайрцагт чихэр, шоколад дүүргэсэн бэлгийг өвлийн өвгөн ааваас авч явсан дурсамж яригдсаар. Зарим нь тэрхүү бэлгийн Кремлийн ордны дүрст ганган улаан хайрцагийг, хүүхэд насныхаа нандин мөчийн зураг хөрөгтэй хамт хадгалж яваагаа цахим хуудастаа хуваалцан сонирхуулсаар...
Тэгэхээр «Кремлийн сүлд модны наадам» олон жилийн түүхтэй, бүр эртнээс монгол хүүхдүүдийн хүсэн хүлээдэг баярын нэг болсон уламжлалтай юм.
Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын Тэргүүн Валерия Кильпякова тус баярыг нээж хэлсэн үгэндээ Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Русский Дом-ын удирдлагууд хүүхэд багачууд та бүхнийг хүлээн авч, хамтдаа шинэ жилийн баярыг тэмдэглэж байгаадаа баяртай байгааг онцлов. Мөн тэрбээр “Шинэ жил бол дандаа гайхамшигт зүйлээр баялаг дүүрэн байдаг. Энэ удаа та бүхэнтэйгээ шинэ жилийн баярыг хамтдаа тэмдэглэхийн сацуу Зөвлөлтийн нэрт зохиолч С.Маршакийн ”12 сар” жүжгийг толилуулж байна. Мөн түүнчлэн та бүгд өвлийн өвгөн,цасан охидтой уулзаж, тэднээс удаан хүлээсэн бэлгээ гардан авч нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлээрэй. «Кремлийн сүлд модны наадам» бол ОШУСТ-ийн олон жилийн уламжлалт баяр бөгөөд тэртээ социализмын үед монгол хүүхдүүд энд ирж шинэ жилээ угтаж байсан бол тэдний зарим нь том болсон ч энэ үйл явдлыг мартаагүй дурсаж байдаг билээ. Бид 2019 онд энэ уламжлалыг сэргээж эхэлсэн боловч цар тахлын үед тасарсан билээ. Одоо тэрхүү саад бэрхшээл арилсан тул бид Монголын хүүхдүүдийг цуглуулж тэдэнд баяр баясгалан, гайхамшиг, шинэ жилийн үлгэр мэт ертөнцийг жинхэнэ Кремлийн гацууртай хамт бэлэглэх юм. Русский Дом-ын чимэглэх ажилд мэргэжлийн зураач, чимэглэгч нар оролцон улмаар манай том ордны өнцөг бүрт хүүхдүүдийг үлгэр мэт уулзалтууд хүлээж байгаа. Бид хүртэл гайхамшгийг тэсэн ядан хүлээж байгаа юм чинь хүүхдүүдийн тухай ярих нь илүүц буй заа. Бидний тоглолт та бүхэнд таалагдаж байгаа гэдэгт бүрэн итгэж байна. Хайрт хүүхдүүд минь, Та бүхэнд цэлмэг тэнгэр, энх тайван, амар амгалан, аз жаргалыг хүсэн ерөөе” гэв.
«Кремлийн сүлд модны наадам-2024» баярын үеэр хүүхэд багачуудад “12 сар” хэмээх хүүхэлдэйн жүжгийг толилуулснаас гадна интерактив шоу тоглолт хэлбэрээр зохион байгуулсан нь тун сонирхолтой боллоо.
Жүжгийн уран бүтээлчдээр алдартай “PRO THEATRE” -ынхан уламжлал ёсоор шинэ жилийн баярт оролцсон юм. Тус театрын жүжигчид бол ОХУ-ын тэргүүлэх театрын их дээд сургуулиудын төгсөгчид бөгөөд өмнө нь хүүхэлдэйн «Улгэр» (Улаан-Үд) театрт ажиллаж байсан билээ.
“PRO THEATRE» театрын найруулагч Б.Анхбаатар энэ үеэр “Бид мэдээж өвлийн өвгөн, цасан охин, алиалагч, олонд танил болсон хүүхэлдэйн киноны баатруудыг оролцуулсан шоу тоглолтыг мөн С.Маршакийн зохиол “12 сар” хэмээх жүжгийг хүүхэд багачуудад үзүүллээ. Энэ бол аль ч насны хүүхдүүдэд таалагдах жүжиг юм” гэв. Тус жүжигт дүн өвлийн хүйтнээр эрх гүнжийн зарлиг бууж, “Сагс дүүрэн яргуй олж ирсэн хүнд сагс дүүрэн алт өгнө” гэснийг сонссон хойд эх, эгч хоёр дагавар охиноо хөөж, ойн гүнээс шив шинэхэн яргуй олж ирэхийг шаарддаг. Даарч ядарсан охиныг өрөвдсөн ах дүү 12 сар түүнийг түүдгийн дэргэд урьж, хүслийг биелүүлж өгснөөр гайхамшиг цааш үргэлжилж, үйл явдал өрнөдөг.
Тэгвэл тус жүжгийн зохиолыг бичсэн Орос, Зөвлөлтийн нэрт яруу найрагч, жүжгийн зохиолч, орчуулагч, утга зохиолын шүүмжлэгч Самуил Яковлевич Маршакийг Монголын хүүхэд багачууд олон сайхан үлгэрээр нь эртнээс сайн мэддэг. Түүний “Муурын байшин” гэхэд л хэзээ ч хуучирдаггүй, хөнгөн хөгжилтэй атлаа хүмүүст ухаарал өгсөн сонирхолтой, хурц тод өрнөлтэй жүжиг одоо ч манай театруудад тоглогдсоор байдаг. Үе үеийн хүүхэд багачууд радио зохиомж, драмын жүжиг, хүүхэлдэйн кино гээд маш олон хувилбараар үзэж танилцаж ирсэн. Хойч үеийнхэн одоо ч уйдалгүй үзэж танилцсаар, танин мэдэхүй уран сайхны ерөнцөө баяжуулсаар байгаа юм. .
С.Маршак энэ цагийн биднээс хоёр зууны өмнө буюу XIX зууны 1887 оны аравдугаар сарын 22-нд Хаант Оросын Воронежид еврей гэр бүлд төрсөн. 1904 оноос “Ном бол ертөнцийг харах цонх мөн” хэмээх алдарт үгийг хэлсэн, нэрт зохиолч Максим Горькийн гэрт амьдарч уран бүтээлийнхээ замд шуударсан бол 1923 онд хүүхдийн анхны шүлгийн номоо гаргаж, түүнд нь “Жекийн барьсан байшин”, “Шургуулган доторх хүүхдүүд”, “Тэнэг бяцхан хулганы үлгэр” зэрэг үлгэр нь орсон байдаг. Түүнчлэн хүүхдэд зориулсан “Воробей” сэтгүүлийг гаргаж, Ленинградын хүүхдийн ном хэвлэлийн редакцийг удирдаж байсан. Зөвлөлт Оросын Төрийн шагналыг таван удаа хүртэж байсан гээд тэрбээр зөвхөн Оросын төдийгүй дэлхийн хүүхдийн хайртай зохиолч байсан билээ.
Эх сурвалж:Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )