Монголд Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулахад дэмжлэг үзүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
5 цагийн өмнө

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан тус яамны холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдээс бүрдсэн баг БНХАУ-д ажиллаж байна.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны Дэд сайд, Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний захиргааны дарга, Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Ерөнхий захирал Проф Хонгбинг Шентэй хийсэн албан уулзалтын үеэр эрүүл мэндийн салбар дахь хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа нь өвчний хяналт, сэргийлэлтийн талаар өргөжиж байгааг дурдлаа.

Тэрээр Монгол Улс Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хурлаар эцэслэн батлуулсан бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Уг хуулиар Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Нийгмийн эрүүл мэндийг төв байгуулах асуудлыг хуулчилсан бөгөөд Монгол Улсын богино, дунд болон урт хугацааны бодлогын баримт бичигт үндэсний  түвшинд Өвчний хяналт сэргийлэлтийн төв, орон нутагт Нийгмийн эрүүл мэндийг төв байгуулж, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ чухал үед БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв болон харьяалах бусад байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, сайн туршлага, ололт амжилтаас хуваалцаж байгаад талархал илэрхийлж, Монгол Улсад айлчлахыг урилаа.

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны Дэд сайд, Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний захиргааны дарга, Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Ерөнхий захирал Проф Хонгбинг Монгол Улсад Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын төлөөлөгчид 2025 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 11-ний өдрүүдэд тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Шуурхай удирдлагын төв, Цацраг судлалын үндэсний хүрээлэн, Хөдөлмөрийн эрүүл мэнд болон Хордлогын хяналтын үндэсний хүрээлэн, БНХАУ-ын ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар, аймгийн Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн бүтэц, үйл ажиллагаа, сайн туршлагатай танилцаж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top