Хөшиж гацсан ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛҮҮДЭЭ яах вэ?

2025 оны 01 сарын 23

Хөнгөн үйлдвэрийн чиглэлд төслүүд эхлүүлсэн ч олон жил гацаанд байна. Харин энэ сард Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 24-нд байгуулагдсан Үйлдвэрлэл, технологийн паркын эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг баталж тогтоол гаргаж байгаагаас харвал энэ чиглэлд анхаарал хандуулах бололтой. Түүнээс бус Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн аж үйлдвэрийн парк гэхэд 16 жил, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр таван жил гээд улс төр болон бусад зүйлээс шалтгаалан олон жил гацаж, гацах тусам төсөвт өртөг нь нэмэгдэж байгаа юм. Тухайлбал, Эмээлтэд анх 182 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байсан бол 2024 оны байдлаар 734.5 тэрбум, Дарханд анх 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байсан бол өнөөдөр 516 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай болсон байх жишээтэй.

 

ДАРХАНЫ АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОРЫН АЖЛЫГ ГАЦААСАН ХАРИУЦЛАГЫГ ХЭН ХҮЛЭЭХ ЮМ

 

Дарханы арьс ширний цогцолбор барихаар шав тавиад таван жил, төсөв нь гацаад гурван жилийн нүүр үзлээ. Уг цогцолборыг барихад ямар нэг асуудал байхгүй ч улстөрчдийн дундын зодоон, төлөвлөж чадаагүйн улмаас ийнхүү хойшлоод байгаа гэхэд болно. Тухайлбал, 2020 онд эхлүүлсэн төслийн удирдагчаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийнх нь менежерээр ажиллаж байсан Ц.Гансүхийг 2021 оны аравдугаар сарын 15-ны өдөр томилуулж, ТЭЗҮ-д тусгасан өртөг нь 159 сая евро хэмээн оруулж ирэхдээ 103 сая еврод нь Засгийн газрыг баталгаа гаргаж өгөхийг хүссэн байдаг. Харин Сангийн сайд Б.Жавхлан “Боломжгүй, байгуулагдаад нэг жил болж байгаа компанид монголын ард түмний хөрөнгөөр баталгаажсан, Засгийн газрын баталгаа гаргаж өгдөггүй” хэмээснээс маргаан дэгдэж байсныг санаж байгаа байх.

Яагаад гэхээр тухайн үед төсөвт өртгийг нэмэхийн тулд цогцолборыг анх 10 сая арьс шир боловсруулахаар тооцож байсан бол 4,4 сая болтлоо буурсан хэрнээ хөрөнгө оруулалт нь 2-3 дахин нэмэгдсэн байдаг. Үүнийг боловсруулах тоног төхөөрөмж нь 13-14 сая ам.доллар гэсэн судалгаа байсан. Мөн бог малын арьс шир боловсруулахад 3-4 сая ам.доллар. Дэд бүтцийг нь ойролцоогоор 40 тэрбум төгрөгөөр хийсэн гэж тайлан тавьж, эдгээрийг нийлүүлэхэд хамгийн ихдээ 60 сая ам.долларын бүтээн байгуулалтын ажил байсан ч ийнхүү гацсан. Уг нь төслийг улс төрийн гацаагүй хэрэгжүүлээд эхлэхээр жилдээ үнэгүйдэж байгаа 15 сая арьс ширийг боловсруулж, экспортын бүтээгдэхүүн болгоод гадагшаа гаргах юм. Гэтэл Ц.Даваасүрэн мэтийн хувь улстөрчдийн эрх ашгаас үүдэн төсөл хойшилсон гэж үзэх хүн олон байна.

Уг төсөл нь Хөгжлийн банкнаас 18.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Тэгвэл 2024 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар хүү алдангитайгаа 34.6 тэрбум төгрөгт хүрсэн. Тиймээс үүнийг удаа дараа авч хэлэцсэний эцэст Дархан арьс ширний цогцолборын хэрэгжүүлж байсан төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтаас боломжтой хэсгийг шилжүүлэн авч, үргэлжлүүлэн гүйцээж ажиллах талаар яриа хэлцэл хийж шийдвэрлэхийг чиглэл болгож байсан ч тус компани аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, төслийн 180 га талбайн га тутмыг 1.0 тэрбум төгрөгөөр үнэлж эзэмшлийн эрхээ шилжүүлэх зэрэг хүлээн зөвшөөрөх боломжгүй санал тавьсан тул хэлцэл зогсжээ. Одоо энэ алданги, хүү хэд болсон гэх мэт олон асуудал бий. Өнгөрөгч 2024 оны нэгдүгээр сарын байдлаар уг төсөлд нийт 516 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг салбар яамнаас мэдээлсэн. Уг нь 2021 онд 60 орчим сая ам.доллар буюу 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байсан бол дөрвөн жилийн дараа гэхэд хугацаа алдаснаас үүдэн, 516 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай болсон байх жишээтэй.

 

ЭМЭЭЛТ ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ, АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКЫН ТӨСӨЛ 16 ЖИЛ ҮРГЭЛЖИЛЛЭЭ

 

Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл, аж үйлдвэрийн паркын үйлдвэрийн газрыг байгуулаад 11 жил болж байна. Паркын ажил бол эхлээд 16 жил болчихсон. Уг нь төлөвлөгөөний дагуу 2016 онд 182 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ. Үүнээс хашаа барихад 1.6 тэрбум, усан хангамж татахад 30 тэрбум, ус цэвэршүүлэх байгууламжийг Европын сэргээн босголтын банкны 30 сая еврогийн хөрөнгө оруулалтаар, инженерийн шугам сүлжээг Чингис бондын үлдэгдэл 75 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөж, тухайн онд бүрэн дуусгана гэж ам өчиг өгч байсан цагаас хойш арван жил өнгөрчихлөө. Ийнхүү 2009 онд эхэлж байсан төсөл 2022 онд нийслэлд шилжүүлж, 2023 онд Дэлхийн банкны санхүүжилтээр ТЭЗҮ хийгдсэн. Нийт 539 га талбайд хэрэгжих энэ төслийн эхний үе шатанд 160 га-д 8.0 сая ширхэг арьс, ширний боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах бэлтгэлийг хангаж эхэлсэн гэдэг ч нүдэнд харагдах бодит ажил болсонгүй. Ийнхүү 10 гаруй жилийн өмнө 182 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байсан төсөлд 2024 оны байдлаар 734,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг салбар яамнаас дуулгасан. Энэ нь мөн л хугацаа алдаснаас үүдэж, хөрөнгө оруулалтын хэмжээ гурван дахин илүү өссөн байна.

 

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКЫН АЖИЛ АРАЙ НААШТАЙ БАЙНА

 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил өрнөж, 2022 онд 19,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдаж 5,9 тэрбум төгрөгөөр төслийн бэлтгэл ажлууд хийгдэж эхэлснээр өнөөдөр 34.5 хувьтай ажил явагдаж байгаа нь арай нааштай төсөл юм. Мөн нэмэлт санхүүжилт болох 21,6 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсвөөс гаргуулсан. Төсөл ашиглалтад орсноор 30 орчим үйлдвэр байгуулагдаж, импортыг орлох бүтээгдэхүүнээ экпортолж, жилд 300 гаруй тэрбум төгрөгийн орлого олохын зэрэгцээ 2200 байнгын ажлын байр бий болно гэж тооцоолж байна.

Харин энэ оны байр суурийг харахад тус төсөл нь хэрэгжсэнээр мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, баруун аймгуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг бий болгож дэвшилтэт техник технологи бүхий 25 үйлдвэр баригдан, нийт 51.8 сая долларын экспорт бий болж, Ховд аймгийн ДНБ-нд 232 сая доллар, улсын төсөвт 30 орчим тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэхээр урьдчилсан тооцоо гарчээ.

 

БАГАХАНГАЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКЫН АЖЛЫН ТӨСӨВ ШИЙДЭЭГҮЙ

 

Багахангай дүүргийн үйлдвэрлэл, технологийн паркийн 50 га талбайд хөнгөн үйлдвэрлэл, 60 га талбайд хүнд үйлдвэрлэл явуулахаар төлөвлөжээ. Нэг аж ахуйн нэгж үйлдвэр, цахилгаан станц байгуулахаар ажиллаж байна. Тухайн аж ахуйн нэгжийн зүгээс станцын барилгын ажил эхэлмэгц 20 мВт хүчин чадлыг Улаанбаатар хотын төвийн эрчим хүчинд нийлүүлэх саналтай байгаа аж. Үүний тулд эрчим хүч дамжуулах 4.7 км шугамын төсвийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ нийслэлийн удирдлагуудад илэрхийлсэн юм.

 

ДОРНОДЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЕХНОЛОГИЙН ПАРКЫН АЖИЛ ОДООГООР ЦААСАН ДЭЭР БИЙ

 

Дорнод зүүн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк нь Дорнод аймгийн төвд 50 га газарт төлөвлөсөн бөгөөд жилд 3000 тонн ноос, 500 тонн ноолуур боловсруулах үйлдвэр, сав баглаа боодлын үйлдвэр, өлөн гэдэс, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд баригдахаар төлөвлөсөн. Тус төсөл нь хэрэгжсэнээр мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, зүүн аймгуудын нийгэм, эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг бий болгож дэвшилтэт техник технологи бүхий 19 үйлдвэр баригдан, 1000 орчим ажлын байр шинээр болохоос гадна 25.0 орчим тэрбум төгрөгийн  бүтээгдэхүүн экспортолж, улсын төсөвт 5-6 орчим тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэхээр урьдчилсан тооцоо гарчээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.23) 2025 оны 01 сарын 24

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.63.23) 2025 оны 01 сарын 24

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
зочин(139.5.219.67) 2025 оны 01 сарын 23

Энэ бүхнийг гацааж зогосоонхүмүүс нь дарга, сайд нар шүү дээ? Хайран мөнгө

0  |  0
Top