“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд өчигдөр /2025.02.20/ 2024 оны үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд танилцууллаа. Тус компанийн санхүүгийн тайлан Үндэсний аудитын газраар баталгаажсанаар ийнхүү олон нийтэд танилцуулсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлосон бол 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тус компани түүхэндээ хамгийн өндөр борлуулалт хийж, 10.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласнаар Монгол Улсын төсөвт 3.4 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулсныг энэ үеэр онцлон тэмдэглэв.
Тус компани 2024 онд Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолой зэрэг нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүдийг ашиглалтад оруулжээ. Мөн ордын нөөц баялгийг нэмэгдүүлэн урт хугацаанд үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэн ажилласан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оноос биржийн арилжааг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 115 удаагийн биржийн арилжаа зохион байгуулжээ. Ингэснээр 2.8 тэрбум ам.долларын үнэлгээтэй 25.3 сая тонн нүүрсийг биржээр борлуулаад байна. 2023 онд 9.8 сая тонн нүүрс биржээр арилжаалсан бол 2024 онд 15.3 сая тонн болгон нэмэгдүүлсэн. Энэ онд биржээр арилжаалах нүүрсний хэмжээг 50 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг компанийн удирдлагууд онцлон тэмдэглэлээ.
М.Зул
Сэтгэгдэл ( 0 )