УБТЗ 11 улстай төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээгээ зөвшилцөж байна

2025 оны 03 сарын 12

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага /ТЗХАБ/-ын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөн энэ сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.

ОХУ, БНХАУ, Афганистан, Беларусь, Вьетнам, Казахстан, Туркменистан, Узбекистан БНСУ зэрэг 11 орны төмөр замын төлөөлөгчид, гадаад худалдааны болон тээвэр зуучийн компаниудын төлөөлөл тус зөвлөгөөнд оролцож байна. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд нь жил бүр хуралдаж, тухайн жилд төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны ачааны /экспорт, импорт, транзит/ хэмжээг тохиролцдог. Үүнээс гадна түүнийг хэрхэн зохион байгуулах талаарх арга хэмжээ боловсруулдаг юм. Манай улсын хувьд төмөр замын салбарын гол ачааг нуруундаа үүрдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 1956 онд Төмөр замуудын хамтын ажиллагааны  байгууллагын анхны 10 гишүүний нэг болсон цагаасаа хойш тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гишүүн орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэхийн төлөө ажиллаж иржээ. Тус байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагаа нь УБТЗ-ын гадаад худалдааны ачааны хэмжээ, үр ашгийг тодорхойлоод зогсохгүй Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд болон цаашлаад бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шууд нөлөөлж байдаг. УБТЗ-ын ачаа тээврийн хэмжээ жил бүр хурдацтай нэмэгдэж байгаа нь Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын үр ашигтай бүтээлч хамтын ажиллагаатай холбоотойг албаныхан онцолж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Цар тахлын дараагаар төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ эрс өссөн. Цаашид эдийн засгийн хямрал зарим улсад ойртож ирж байгаа энэ цаг үед төмөр замаар тээвэрлэх ачааг аль болох нэмэгдүүлэх талаар зөвлөлдөж байна. Хоёр хөрш болон бусад улс орноор дамжин өнгөрөх ачаа тээврийг аль болох нэмэгдүүлэх талаар Монгол Улс хичээнгүйлэн ажиллаж, УБТЗ болон Зам, тээврийн яамнаас онцгой анхаарал тавьж байгаа. Ачаа, тээврийн үнэ нэмэгдээгүй. Олон улсын хэмжээнд экспорт, импортын ачаа бараа багасаж магадгүй гэж үзэж байгаа учраас өртөг, зардлаа бууруулах талаар онцгой анхаарал тавина. Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан төмөр замыг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулна. Түүний дараагаар 4-5 боомт холбогдож бидний зорьж байгаа ачааны хэмжээ нэмэгдэн эдийн засаг сайжрах боломж бүрдэнэ" гэж харж буйгаа хэлэв.

УБТЗ өнгөрсөн онд 33.4 сая тн ачаа тээвэрлэсэн бөгөөд үүний 12.6 сая тн нь орон нутгийн, 20.8 сая тн нь гадаад худалдааны ачаа /экспорт, импорт, транзит/ эзэлж байгаа юм. УБТЗ-ын 2024 онд тээвэрлэсэн гадаад худалдааны ачааны хэмжээг 2023 онтой харьцуулахад экспортын ачаа 4.3 хувь, импортын ачаа 4.5 хувь, дамжин өнгөрөх /транзит/ ачаа дөрвөн хувиар тус тус өсжээ. Ялангуяа, ОХУ-БНХАУ-ын хоорондох худалдааны эргэлт асар хурдацтай нэмэгдэж байгаа энэ үед УБТЗ Ази-Европыг холбосон хамгийн дөт коридорынхоо давуу талыг ашиглаж транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж. Манай улсаар дамжин өнгөрөх транзит чингэлгийн галт тэрэгний тоо жил бүр хурдацтай өсөн нэмэгдэж 2024 онд 3144 хүрээд байгаа нь УБТЗ бүс нутгийнхаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч болсныг харуулж байна. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд тэр дундаа тус байгууллагын гишүүн УБТЗ-аар энэ онд хэдий хэмжээний, хэдэн  нэр төрлийн гадаад худалдааны ачаа тээвэрлэхийг уг зөвлөгөөнд оролцогч талууд Улаанбаатар хотноо таван хоног хэлэлцэж тохирох юм.

УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан "УБТЗ 2030 он гэхэд төмөр замаар 50 сая тн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байгаа. Ингэхийн тулд УБТЗ-ын тээх нэвтрүүлэх, боловсруулах, хилийн өртөөнүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх мөн гол замыг хоёр замтай болгох, цахилгаанжуулах зэргээр төлөвлөж байгаа ажил их бий. Ойрын хугацаанд замын их засварын ажлыг нэн тэргүүнд хийнэ. Одоо тээвэрлэж байгаа 34 сая тн ачааны 24 орчим сая тн нь Монгол Улсын экспорт, импортын болон дамжин өнгөрөх ачаа байна. Дамжин өнгөрөх ачаанд ОХУ-Хятад чиглэлд мод, модон бүтээгдэхүүн, Хятад-ОХУ чиглэлд электрон бараа, химийн ачаа, бусад барилгын материал зэрэг ачааг тээвэрлэдэг" гэсэн бол КЗТ ҮК-ийн харьяа Нэгдсэн төлөвлөлтийн газрын дэд захирал Тулегенов Алиби "Монгол болон Казахстан улс нь тээврийн салбарт маш нягт хамтран ажилладаг. Энэхүү хурлаар Казахстан улс хилийн гарцуудаараа ямар хэмжээний, ямар төрлийн ачааг тээвэрлэх, хуралд оролцож байгаа улс орнуудтайгаа хэрхэн, яаж хамтран ажиллах талаараа шийдвэр гаргаж хэлэлцэх болно. Казахстан улсад суурь бүтцээ хөгжүүлэх чиглэлээр маш олон төсөл хэрэгжиж, хоёр дахь зам барих, нэвтрүүлэх чадвар бага байгаа хэсгүүдээ өргөсгөж, хөгжүүлэх төслүүд хэрэгжиж байгаа. Казахстан-Монгол чиглэлд хүнсний бүтээгдэхүүн болон үр тариа нийлүүлж байгаа. Харин Монгол-Казахстан чиглэлд арьс ширний бүтээгдэхүүнийг зөөвөрлөж байна. Суурь бүтцээ хөгжүүлэх төслүүдийнхээ хүрээнд бид БНХАУ-ын газар нутгаар дамжуулаад Монгол Улстай тээвэрлэх ачааныхаа хэмжээг нэмэгдүүлнэ гэж харж байна" гэж ярилаа. Зөвлөгөөний хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.Дөлгөөнхэрлэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top