АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Зүүн Европт цөмийн зэвсэг байрлуулах санааг дэмжихгүй гэж тус улсын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Би ерөнхийлөгчтэй энэ асуудлыг хэлэлцээгүй боловч цөмийн зэвсгийг Европын зүүн хэсэг рүү тэлж байрлуулахыг тэр дэмжвэл би ихээхэн цочирдох байсан. Энд хүн төрөлхтний соёл иргэншлийн ирээдүйн тухай яригдаж байгаа шүү дээ. Энэ асуудалд эрүүл ухаанаар няхуур хандах ёстой. Орос, Украины асуудалд ч мөн адил. Өмнөх ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны стратеги нь Украиныг хангалттай зэвсэглэж, оросууд болон украинчууд цус урсган байлдахад хүргэж, мөргөлдөөн ямар нэгэн байдлаар аяндаа зогсоно хэмээн найдан хүлээхэд оршиж байв” гэж Вэнс онцолсон байна.
“Харин Доналд Трамп хатуу дипломат бодлого хэрэгжүүлж, оросууд юу хүсэж байгааг болон украинчууд юу хүсэж байгааг ойлгохын тулд засаг захиргаагаа бүрэн дайчлан ажиллаж байна. Дайтах нь тэнэг хэрэг бөгөөд түүнийг үргэлжлүүлэх нь хэний ч ашиг сонирхолд нийцэхгүй” гэж тэр тэмдэглэжээ.
Польшийн ерөнхийлөгч Анжей Дуда Британийн Financial Times сонинд ярилцлага өгөхдөө Польшид цөмийн зэвсгээ байрлуулахыг АНУ-д уриалсан юм. Мөн тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн Орос, Украины асуудал хариуцсан тусгай элч Кит Келлогтой энэ асуудлыг хэлэлцсэн аж. Америкийн төрийн тэргүүн Баруун Европын болон АНУ-ын цөмийн зэвсгийг Польш руу шилжүүлэн байрлуулах боломжтой юм гэж Анжей Дуда үзэж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )