Болгар Украинаас хүнс импортлохыг хориглов

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19

Болгар улс Украинаас хүнс импортлохыг түр хоригложээ.

Болгарын түр засгийн газрын Ерөнхий сайд Гылыб Доневын мэдэгдсэнээр, өнгөрсөн онд их хэмжээний хүнсний нөөц хуримтлагдсан тул ийм шийдвэр гаргажээ. Энэ нөхцөл байдал Болгарын хувийн хэвшилд ноцтой үр дагавар дагуулж болзошгүй гэж тэрбээр тайлбарласан байна. Брюссель ижил төрлийн шийдвэр гаргасан зургаан улс орны байр суурийг ойлгон, хүлээж авна гэдэгт найдаж байна гэж Донев онцолжээ. Болгар улс нь Украинд эв санааны нэгдлээ илэрхийлж байна. Гэсэн хэдий ч Болгарын фермерүүд дампуурснаар Киевт хувь нэмэр оруулахгүй гэжээ.

Үүнээс өмнө Польш, Унгар зэрэг улс дотоодын фермерүүдийн эсэргүүцлийн улмаас Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохоо түр зогсоосон тухай мэдэгдсэн билээ. Эдгээр бүтээгдэхүүн нь татваргүй Европын зах зээлд нийлүүлэгдэж байгаа юм. Даваа гарагт Словак мөн ийм шийдвэр гаргасан.

Үүнтэй холбогдуулан Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Украинаас үр тарих, хүнсний импортод тавьсан хоригоо цуцалбал зүүн Европын эдгээр зургаан оронд 100 сая еврогийн тусламж үзүүлнэ гэж мэдэгдэж, худалдааны асуудлаарх Европын нэгдмэл байдлыг сахихыг уриалсан байна. Украины үр тарианы импортоос хамгийн их хохирол амссан фермүүдэд 56.3 сая еврогийн тусламж үзүүлсэн бол нэмж 100 сая еврогийн тусламж үзүүлэхээр бэлтгэж байна гэж фон дер Ляйен онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top