Моравецки: Польш Украинд нэг ч зэвсэг нийлүүлэхгүй

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 21

Польш Украинд дахин нэг ч зэвсэг нийлүүлэхгүй гэж Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки мэдэгджээ. Түүний хэлснээр, Польш нь “энх тайвныг хүсвэл дайнд бэлд” гэсэн зарчмыг баримталдаг. Энэ дүрмийг даган зэвсэглэлийн томоохон захиалга өгч, орчин үеийн зэвсэг худалдан авч байна гэжээ. Өнгөрсөн хугацаанд Польш Украинд МиГ-29 онгоц, Т-72 болон Leopard 2 танк, их бууны сум, зенит пуужингийн зөөврийн комплекс, дрон зэрэг нийт гурван тэрбум ам.долларын зэвсэглэл нийлүүлжээ. Польш, Украины харилцаа үр тарианы асуудлаас үүдэн хурцатахад хүрээд байна. Польшийн ЕХ-ны хэрэг эрхлэх сайд Шимон Шинковски Вель Сенк Киевийн үйлдэл хоёр улсын харилцаад сөрөг нөлөө үзүүлж байна гэж мэдэгдсэн.

Польш Украины үр тарианы импортод тавьсан хоригоо сунгасантай холбогдуулан Украин Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргаад байгаа билээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган үеэр хийхээр төлөвлөгдсөн байсан Польш, Украины төрийн тэргүүн нарын уулзалтыг Варшавын санаачилгаар цуцалсан нь хоёр улсын харилцааг улам хурцатгаад байна. Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда Украин эдийн засгаа хамгаалахтай зэрэгцэн Киевт тусламж үзүүлж байгаа Варшавын байр суурийг ойлгох учиртай гэж мэдэгдсэн.

Үүнтэй зэрэгцэн Польшийн Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Петр Мюллер Варшав Украины дүрвэгсдэд үзүүлж буй тусламжаа сунгах бодолгүй байна гэж мөн мэдэгдсэн. Польш нь Украины дүрвэгсдэд тус улсад оршин суух эрх, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна эрүүл мэндийн даатгалд үнэгүй хамруулах, хүүхдүүдийг нь нийгмийн халамжид хамруулах зэрэг тусламж үзүүлж байгаа юм. Мюллерийн хэлснээр, ийм хэлбэрийн дэмжлэг нь түр хугацааных бөгөөд ирэх оны эхээр хугацаа нь дуусна. Сануулахад, Польш, Словак, Унгар улсууд Украины үр тарианы импортод тавьсан хоригоо сунгасан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top