ОХУ үр тарианы хэлэлцээрт эргэн ирэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

ОХУ Турк, НҮБ-ын зуучлалын дүнд хүрсэн Украины үр тариаг Хар тэнгисээр дамжуулан гаргах тухай хэлэлцээрт эргэн орохоор болжээ. Дөрвөн хоногийн өмнө ОХУ-ын Хар тэнгисийн флотын хөлөг онгоцнуудад “ногоон коридороос” цохилт өгсний дараа Орос тус хэлэлцээрээс түр гарч буйгаа зарласан юм. Украин улс хүмүүнлэгийн коридорыг цэргийн зориулалтаар ашиглахгүй гэсэн баталгааг бичгээр олгосны дараа Орос үр тарианы хэлэлцээрт эргэн ирж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Ингэхдээ ОХУ Украин хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд хэлэлцээрээс гарах эрхээ өөртөө үлдээж байна.

Нөхцөл байдлыг зохицуулахад Турк зуучилсан. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы мэдэгдсэнээр, Турк, ОХУ-ын батлан хамгаалахын сайд нар утсаар ярьж, асуудлыг шийдсэн байна. Украины тал Турк, НҮБ-д Орос хэлэлцээрийг сэргээх шийдвэр гаргахад нь гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн эх сурвалжийн онцолсноор, энэ нь Туркийн шахалтын үр дүн. Улс төрийн түвшинд Киев үүнийг дипломат бодлогын ялалт гэж үзэж байна. Геополитикийн хувьд Оросын олон жил явуулсан дипломат шантаажинд цэг тавьсан явдал байлаа гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Андрей Ермак онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top