Туркийн гадаад хэргийн сайд Оросын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 16

 

Туркийн гадаад харилцааны сайд Хакан Фидан Орос, Украины яриа хэлэлцээнд оролцох ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский тэргүүтэй төлөөлөгчдийг Истанбул дахь Туркийн ерөнхийлөгчийн Долмабахче ордонд хүлээн авч уулзсан байна.

Турк, Орос болон Украины төлөөлөгчдийн гурван талын уулзалтыг баасан гарагт Истанбулд хийхээр төлөвлөж байна гэж Туркийн ГХЯ-ны төлөөлөгч мэдээлжээ.

“Баасан гарагт янз бүрийн хэлбэртэй цуврал уулзалт болно. АНУ, Украин, Туркийн гурван талын уулзалт болон ОХУ, Украин, Туркийн гурван талын яриа хэлэлцээ болно” гэж тэр хэлсэн байна. Түүний хэлснээр, АНУ, ОХУ, Украин, Туркийн дөрвөн талын уулзалт болох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.

Оростой хийх яриа хэлэлцээнд оролцох Украины төлөөлөгчдийг Батлан хамгаалахын сайд Рустем Умеров тэргүүлэх бөгөөд бүрэлдэхүүнд нь Гадаад харилцааны тэргүүн дэд сайд Сергей Кислица, Украины Аюулгүй байдлын албаны орлогч дарга Александр Поклад, Гадаад тагнуулын албаны нэгдүгээр орлогч дарга Олег Луговской, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга Алексей Шевченко, Тагнуулын ерөнхий газрын орлогч дарга Вадим Скибицкий, Агаарын цэргийн хүчний штабын орлогч дарга Евгений Шинкарев зэрэг албан тушаалтнууд багтжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu