Режеп Эрдоган: Мөргөлдөөнийг сунжруулах нь хэнд ч ашиггүй

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

Турк улс Истанбулд эхэлж буй ОХУ, Украины энэ уулзалт хоёр талын хэлэлцээний үйл явцад түлхэц үзүүлнэ гэж найдаж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Орос, Украины хэлэлцээнд оролцогчдод хандан онцолжээ. Тэрбээр Турк улс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын уулзалтыг зохион байгуулахад бэлэн гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр Украинд хямрал үүссэн цагаас хойш Турк улс бүхий л шатанд хүчин чармайлт гаргаж, хоёр талын эрхийг хамгаалах чиглэлд шударгаар хандаж ирсэн хэмээн дурджээ.

Эрдоган Истанбулын уулзалт амжилтад хүрвэл хоёр улсын хэлэлцээ ч дараагийн үе шатанд гарна гэдэгт найдаж байна гээд мөргөлдөөнийг сунжруулах нь хэнд ч ашиггүй. Дайнд ялагч гэж байдаггүй хэмээн онцлов.

Бүс нутагтаа олон зовлон, шаналал үзсэн улсын хувьд Турк Хар тэнгисийн хойд бүс нутагт ийм нөхцөл байдал үүсгэхгүйн төлөө тэмцсээр ирсэн. Турк улс шударга ертөнцөд ялагдагч гэж байдаггүй гэдэгт итгэдэг. Талууд энэ эмгэнэлийг зогсоох учиртай. Бүгд гал зогсоох дэглэм аль болох хурдан тогтохыг хүлээж байна. Дэлхий дахин та бүдгээс сайн мэдээ дуулахыг хүсэж байна гэж Эрдоган онцолжээ.

Тэрбээр хэлэлцээний талуудтай хийсэн уулзалтын дараа Долмабахче ордныг орхив. Туркийн Ерөнхийлөгч өнөөдөр Узбекистан улсад айлчлахаар төлөвлөж байна.

Долмабахче ордонд ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Украины төлөөлөгчдийн гишүүн, Украины эрх баригч “Ард түмний зарц” намын бүлгийн дарга Давид Арахамиа нарын ганцаарчилсан хэлэлцээ эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top