Америк, Украины төлөөлөгчдийн яриа хэлэлцээ өндөрлөжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 03 сарын 24

Украинд гал зогсоох нөхцөлүүдийг тодорхойлох АНУ болон Украины төлөөлөгчдийн яриа хэлэлцээ Саудын Арабын нийслэлд болж өндөрлөсөн тухай Украины төлөөлөгчдийн тэргүүн, тус улсын батлан хамгаалахын сайд Рустем Умеров мэдээлсэн байна.

“Америкийн багтай бидний хийсэн уулзалт өндөрлөлөө. Тодорхой зорилготой, үр бүтээлтэй яриа хэлэлцээ боллоо. Бид гол асуудлуудыг, түүний дотор эрчим хүчний асуудлыг ч хөндөн ярилцлаа” гэж тэрээр Х /Твитер/ сүлжээн дэх хуудастаа бичжээ.

Завсарлагатайгаар тав орчим цаг үргэлжилсэн энэ уулзалтад оролцсон Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд эрчим хүчний салбарын төлөөлөгчид, тэнгисийн болон агаарын цэргийн хүчний төлөөлөгчид багтсан байна. Украины асуудлаарх ОХУ болон АНУ-ын шинжээчдийн зөвлөлдөөн гуравдугаар сарын 24-нд Эр-Рияд хотноо болох тухай Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өмнө нь мэдээлсэн юм.

Оросын төлөөлөгчдийг сенатч Григорий Карасин болон Холбооны улсын аюулгүй байдлын албаны даргын зөвлөх Сергей Беседа нар тэргүүлэх ажээ. АНУ-ын засаг захиргаа Эр-Риядад Орос, Украины техникийн бүлгүүдийн хооронд шууд бус яриа хэлэлцээ зохион байгуулахыг хүсэж байгаа тухай АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Кит Келлог мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu