Турк, ОХУ, Украин болон НҮБ хамтран Украинаас үр тариа тээвэрлэсэн хөлөг онгоцнуудыг гаргах коридор нээх замын зураглал боловсруулжээ.
Anadolu агентлагийн мэдээлснээр, Турк улс нь Украины нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа эхэлснээс хойш мөргөлдөөнийг дипломат замаар шийдвэрлэх чиглэлээр бүх талын хүчин чармайлт гаргаж, дэлхийд үүсээд буй хүнсний хомсдлыг арилгах талаар идэвхтэй байр суурь баримталж байна. Энэ хүрээнд Турк улс Украины үр тариаг дэлхийн зах зээлд аюулгүй нийлүүлэх механизм бий болгох зорилгоор дипломат үйл ажиллагаа явуулж байна. Хэлэлцээний дүнгээр талууд НҮБ-ын ивээл дор үр тариа тээвэрлэх коридор гаргах замын зураглалыг боловсруулсан байна.
Sabah сонинд мэдээлснээр, аюулгүй коридор нээх санаачилгыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гаргажээ.
Ойрын үед Истамбул хотноо Турк, ОХУ, Украин, НҮБ-ын уулзалт болж, Украины боомтуудаар үр тариа гаргах асуудлыг нарийвчлан хэлэлцэхээр тохиролцсон байна. Тухайлбал, дөрвөн талт уулзалтаар чингэлэг тээврийн хөлөг онгоцнуудын чиглэл, даатгал, аюулгүй байдал, боомтуудыг минагүйжүүлэх, зохицуулах төвийн бүрэлдэхүүн зэрэг асуудлыг мөн хэлэлцэх юм.
Истамбул хотноо байгуулагдаж буй зохицуулах төв нь Туркийн зуучлал, НҮБ-ын зохицуулалт дор ОХУ, Украины хамтын ажиллагааг зохицуулах зорилготой. Ингэснээр Украины боомтуудаас 20 сая тонн үр тариаг дэлхийн зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх юм. Үүний сацуу эл механизмын ачаар Хар тэнгисийн боомт орчмыг минагүйжүүлэх боломж бүрдэнэ гэж Туркийн мэдээллийн агентлаг онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )