Польш, Унгар, Словак улсууд Киевийн зүгээс Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргасныг үл харгалзан Украины үр тарианы импортод тавьсан хоригоо цуцлаагүй. Варшавын мэдэгдсэнээр, Украины талаас хийж буй алхам Польшийн эрх баригчдад таатай санагдаагүй төдийгүй өөрийн байр суурийг зөв гэж үзсээр байна. Харин Унгарын Хөдөө аж ахуйн яамны зүгээс Украин нь маргааныг эхлүүлж болно гэж онцлоод гэхдээ энэ тохиолдолд хэлэлцээг Унгартай бус Европын комисстой хийх болно гэж тодотгожээ. Словакийн Хөдөө аж ахуйн яам баталгаа олгоогүй цагт байр сууриа өөрчлөхгүй гэж мэдэгдэв.
Украины үр тарианы импортод хязгаарлалт тавьсантай холбогдуулан Киев ЕХ-ны эдгээр гурван гишүүн орны эсрэг Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргасан билээ. Гэвч шинжээчид Киевийн энэ алхам ямар ч үр дүнд хүрэхгүй гэж үзэж байна. Үр тариатай холбоотой үүссэн нөхцөл байдал өрнөдөд эв санааны нэгдэл үгүйг харуулж байна гэж ажиглагчид онцолжээ. Польш, Унгар, Словак нь байр сууринаасаа ухрах бодолгүй байна.
Польшийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Петр Мюллерийн хэлснээр, Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд тавьсан хоригийг сунгах тухай Варшавын шийдвэр нь зөв байсан. Учир нь энэхүү шийдвэрийг эдийн засгийн дүн шинжилгээ, Европын болон олон улсын эрх зүйн хэм хэмжээн дээр үндэслэн гаргасан гэжээ.
Украины Эдийн засгийн сайд Юлия Свириденкогийн мэдэгдсэнээр, Украины бараа бүтээгдэхүүнийг ЕХ-ны гишүүн орнууд бие даан хориглох эрхгүй гэдгийг нотлох нь Украины хувьд чухал байна. Тиймээс Киев Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ хандсан. Гэсэн хэдий ч Киев эдгээр орон хоригоо цуцалж, асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх гэж цаг алдахгүй гэдэгт найдаж байна. “Бидэнтэй эв санааны нэгдэлтэй байх нь хэрэгтэй байна. Киевийн талаас хийж буй алхам болон Европын комисс, бусад гишүүн орнуудын зүгээс үзүүлж буй дарамт шахалт Украинд хөрш орнуудтайгаа худалдаагаа сэргээж, эв санааны нэгдлээ харуулах боломж олгоно гэдэгт итгэлтэй байна гэж Юлия Свириденко онцолжээ.
Үүнээс өмнө Германы Хөдөө аж ахуйн яам тус гурван улсаас Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд тавьсан хязгаарлалтаа сунгасан нь ЕХ-ны хууль тогтоомжид харшилж байна гэж мэдэгдэж байв. Мөн ижил байр суурийг Испанийн салбарын яамны тэргүүн Луис Планас илэрхийлсэн. Түүний хэлснээр, нэг талын хязгаарлалтын арга хэмжээ нь ЕХ-ны хууль тогтоож, нэгдсэн зах зээлийн зарчимтай харшилж байна.
Харин Вашингтоны зүгээс үүнийг ЕХ-ны гишүүн орнуудын бие даасан шийдвэр хэмээн үзэв. Цагаан ордон Европын зарим түншүүд Украины үр тарианы талаар болгоомжтой хандаж байгааг мэднэ. Энэ бол бие даасан шийдвэр. Ард иргэдийнх нь эрх ашигт нийцсэн эл шийдвэрээс болж бусад улс орныг айлган сүрдүүлэх нь АНУ-ын хувьд шударга бус үйлдэл болно гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зохицуулагч Жон Кирби мэдэгдсэн юм.
Гуравдагч орны ашиг сонирхол илүү чухал
Орос Хар тэнгисээр Украины үр тариаг экспортлох тухай хэлэлцээрээс гарсны дараа Украины үр тариаг гаргах цорын ганц зам нь Европоор дайран гарч байна. Европын Холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррелийн мэдэгдэж байсанчлан ЕХ-нд үр тарианы хэлцлийн талаар ОХУ-тай тохиролцох боломж байхгүй. Оросын зүгээс хэлэлцээрт эргэн орох тодорхой нөхцөл тавиад байгаа. Тэр нь Оросын хүнс, бордооны экспортод тавьсан хязгаарлалтыг цуцлах шаардлага юм.
Ингэхдээ Европын комисс Украины дөрвөн төрлийн үр тариаг Болгар, Унгар, Словак, Польшид нийлүүлэх экспортод тавьсан хоригоо сунгаагүй. Улаан буудай, эрдэнэ шиш, рапс, наран цэцгийн үрийн экспортод тавьсан хязгаарлалтын хугацаа есдүгээр сарын 15-нд дуусгавар болсон билээ.
Үүнтэй холбогдуулан Будапешт хязгаарлалтаа сунгаад зогсохгүй Украины хөдөө аж ахуйн 20 төрлийн бүтээгдэхүүнийг нэмж оруулсан. Украины үр тарианы нийлүүлэлтийг АНУ хянаж байгаа ба ЕХ-ны удирдлагууд энэ асуудалд Европын бус Америкийн ашиг сонирхолд нийцүүлэн хандаж байна гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдсэн юм.
Польш, Словак хоёр мөн Украины үр тарианд тавьсан хоригоо сунгах тухай зарласан. Харин Болгарын хувьд ийм шийдвэр гаргаагүй ба энэ шийдвэр нь Болгарын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зүгээс эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргээд байна. Будапешт Софи ийм алхам хийсэнд харамсаж буйгаа илэрхийлсэн. Будапештын үзэж буйгаар, Украины үр тарианы импорт Төв Европын бүх орны фермерүүдэд хохиролтой. Ингэхдээ Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен Украины үр тарианы асуудлыг ЕХ-ны гишүүн орнуудын удирдагчидтай бус зөвхөн Володимир Зеленськийтэй зөвлөлдсөнд Унгарын Засгийн газар дургүйцлээ илэрхийлсэн юм. Унгарын Хөдөө аж ахуйн сайд Иштван Надягийн мэдэгдсэнээр, ЕХ-ны удирдлагуудын хувьд гишүүн орнуудынх нь бус гуравдагч орны ашиг сонирхол чухал байна.
“Politico” сонинд бичсэнээр, Европын Холбооны гурван гишүүн оронд Украины үр тарианы импортод тавьсан хоригийг тойрсон нөхцөл байдал ЕХ-ны нэгдмэл байдлыг ганхуулж, ЕХ-ны бусад гишүүн орнуудын засгийн газрын дургүйцлийг хүргэж байна. Энэ маргаан нь өрнөдийн эвслийн нэгдмэл байдлыг хангах үндэс суурийг ганхуулсан маргаантай асуудлуудын нэгийг илчилж байна. Өрнөдийн холбоотнууд өөрсдийн эдийн засгаа хохиролд оруулан байж хэр их хугацаанд Украиныг дэмжих вэ гэсэн асуултыг тавьж байна.
Польш, Унгар, Словакийн эл алхам нь Украины талаар баримталж буй ЕХ-ны нэгдмэл байр суурийг ганхуулж байна гэж “Politico” ЕХ-ны нэрийг нь дурдаагүй дипломатчийн үгийг эш татжээ.
Үүнтэй зэрэгцэн Хорватын Ерөнхий сайд Андрей Пленкович Украины үр тариаг тус улсын зах зээлд нэвтрүүлэхийг хориглохоор төлөвлөж буйгаа мэдэгджээ. Түүний хэлснээр, Украинаас их хэмжээний хямд үр тариа импортолбол Хорватын фермерүүдэд хүнд цохилт болно.
Пи ар ажиллагаа
Польш, Унгар, Словак нь Украины үр тариаг импортлох нь дотоодын үйлдвэрлэгчдэд ихээхэн хохиролтой тул хориг арга хэмжээгээ цуцлахгүй гэж шинжээчид үзэж байна. Баруун Европын улс орнуудыг бодвол тус гурван улсын эдийн засагт хөдөө аж ахуй ихээхэн жин дардаг. Энд дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах асуудал тавигдаж байна. Тиймээс Варшавт ч тэр, Будапешт, Братиславт ч тэр Украины ашиг сонирхол хамаагүй. Яг одоо ургац хураалтын үе тохиож байна. Хэрэв зах зээл дээр Украины хөдөө аж ахуйн хямд бүтээгдэхүүнүүд гарч ирвэл Болгарт болсон шиг эдгээр орнуудын фермерүүд бослого гаргана. Болгар улс гаднын нөлөөний улмаас Украины үр тарианы импортод тавьсан хоригоо цуцалсан.
Тус улс Европын Холбооны тусламжаас ихээхэн хамааралтай байдаг ба фермерүүдээ хохироон байж ийм шийдвэр гаргасан нь Вашингтон, Брюсселийн зүгээс тодорхой төрлийн татаасыг танана гэсэн шахалт үзүүлсэн байх талтай гэж шинжээчид таамаглаж байна. Учир нь Болгар улс Украины хөдөө аж ахуйн бүтэгдэхүүнийг гаргах нэг суваг тул Вашингтонд ашигтай.
Унгар, Польш, Словакийн засгийн газрууд дотоодын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж байгаа нь дотоодын бүтээгдэхүүн нь үнийн хувьд Украины үр тариатай өрсөлдөх чадваргүйг ойлгож байгаа. Оросын эсрэг хориг арга хэмжээний хүрээнд эдгээр улс Украинд туслахад бэлэн байгаа ч “хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс олох ашиг” болох бялуугаа Украинтай хуваалцах бодолгүй байна.
Украины үр тарианы импортыг тойрсон нөхцөл байдал мөн ЕХ-ны бусад гишүүн орон болон Вашингтоны хариу үйлдэл өрнөдийн хамтын нийгэмлэгт эв санааны нэгдэл үгүйлэгдэж байгааг харуулж байна гэж шинжээчид онцолжээ. АНУ Украины үр тарианаас болж Төв болон Зүүн Европ дахь чухал орнуудтай муудалцахад бэлэн бус байна. Герман, Испанийн байр суурийн хувьд хэдийгээр хоригийг сунгасны эсрэг байр сууриа илэрхийлсэн ч хоригийг цуцлах чиглэлд бодит арга хэмжээг авахгүй л болов уу гэж ажиглагчид үзэж байна.
Харин Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргаснаар Киев ямар нэгэн үр дүнд хүрэхгүй гэдэгт шинжээчид санал нэг байна.
Иймэрхүү гомдлыг олон жилийн турш хэлэлцэж магадгүй. Тиймээс магадгүй Киевийн энэ алхмыг нэг төрлийн пи ар ажиллагаа гэж үзэж болох талтай. Энэ алхам нь зөвхөн Украины ард иргэдэд чиглэсэн. Дэлхийн худалдааны байгууллагад хандсанаар шуугианаас өөр үр дүн авчрахгүй гэж шинжээчид дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 0 )