Б.Дөлгөөн: Нүүрсний үнэ унахаар экспорт өссөн ч орж ирж байгаа ам.долларын хэмжээ буурч байна

2025 оны 03 сарын 24

Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөнөөс нүүрсний экспортын талаар тодрууллаа.


-Монгол Улсын нүүрсний экспорт буурчээ. Энэ нь юутай холбоотой гэж та харж байна вэ?

-Олон нийтийн анхаарал сүүлийн үед нүүрсний экспортын хувь хэмжээ буурсан эсэх дээр төвлөрч байна. Өнгөрсөн оны энэ үед 10.9 сая тн нүүрс экспортолсон байсан бол энэ жилийн хувьд энэ үзүүлэлт бага зэрэг өсч 11.3 сая тоннд хүрсэн. Хамгийн гол нь нүүрсний экспортын хувь хэмжээнд биш нүүрсний үнэ унасанд асуудлын гол нь байгаа юм. Үнэ буурчихаар тоо хэмжээ нь өссөн ч орж ирж байгаа ам.долларын хэмжээ нь буурчихаад байна. Энэ нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх талаар өнөөдөр хариулт өгөх хүн алга. Тэгэхдээ БНХАУ-ын Үндэсний конгресс нь хуралдаж тодорхой хэмжээний бүтээн байгуулалтууд хийхээ саяхан зарлалаа. Түүнийг дагаад ган, арматур, цементийн хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна. Энэ хэрээр Монгол Улсаас авах нүүрсний хэрэгцээ нэмэгдэж, тэр хэрээр үнэ эргээд өсөх болов уу гэсэн хүлээлттэй байна. Улирлын чанартайгаар бүтээн байгуулалтын эрчим өвлийн улиралд багасдаг. Оны эхний үзүүлэлтүүдийг аваад үзвэл өнгөрсөн оны гуравдугаар сарын эхний хагаст нүүрсний хоёр их наяд төгрөгийн арилжаа хийгдэж байсан бол энэ оны гуравдугаар сарын эхний хагаст 630-640 тэрбум төгрөгийн арилжаа Хөрөнгийн биржээр хийгдсэн байна. Үүнээс үзэхэд ойролцоогоор нүүрсний арилжааны идэвхи гурав дахин буурсан гэж дүгнэж болохоор байна.

-Хөрөнгийн бирж дээр оролцогч талуудын өрсөлдөөнд суурилж үнэ тогтож чадаж байна уу?

-Уул уурхайн биржийн тухай хуулийг уул уурхайн салбарыг дагасан хулгайг таслан зогсоох зорилготой анх баталсан. Тийм учраас дээрх хууль батлагдсанаар Монгол Улсын эдийн засагт дэвшил авч ирсэн чухал нөлөө үзүүлсэн гэж боддог. Өмнө нь төрийн өмчит компанийн захирлууд гарын үсгээрээ маш их хэмжээний мөнгө завших боломжтой байсан. Нүүрсээ ам нөхцөлөөр зарах нэрээр гарын үсгээрээ хүссэн үнийн дүнгээрээ зардаг байсан. Тэгвэл Биржийн тухай хуультай болсноор дээрх байдал бүрэн өөрчлөгдсөн. Төрийн өмчит компаниудын зарж байгаа нүүрс бүгд биржээр арилжаалагддаг болсноор худалдан авалт ил тод, нээлттэй болсон, нүүрсний үнэ өссөн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд биржээр 40 гаруй сая тн нүүрс худалдсан байна. Үүний үр дүнд хүүхэд бүрд сар бүр олгодог 100 мянган төгрөгийг жилийн турш өгөх хэмжээний мөнгийг нүүрсээ биржээр худалдсанаар бүрдүүлж чадсан. Анх биржээр нүүрс худалдах үнэ 72 ам.доллар байсан бол энэ үнийн дүнгээсээ өсөлттэй зарагдсан. Дотоодын эсвэл гадаадын аж ахуйн нэгж авч байгаагаас үл шалтгаалж биржийн үйл ажиллагаа ил тод байх ёстой. Энэ зарчмаасаа бид ухарч болохгүй.

-Өнөөдөр биржээр зарж байгаа нүүрсний үнэ хэд байна вэ. Нүүрсний үнэ унаснаас биржээр нүүрс худалдан авах сонирхол буурсан гэх юм билээ?

-Худалдан авагч талд ямар асуудал үүсээд байна вэ гэхээр өнөөдөр худалдан авсан үнээрээ дараагийн 6-9 сарын турш зарахаар нөгөө талд үнэ нь уначихаад байгаа юм. Тиймээс сүүлийн нэг жилийн хугацаанд нүүрсний үнэ хамгийн өндөр байх  үед нүүрс худалдан авсан худалдан авагчид өнөөдөр  ч энэ үнээрээ худалдан авах болчихоод байгаа. Гэтэл бодит байдал дээр тухайн үеийн нүүрсний үнэ өнөөдөр 44 хувиар буучихаад байна. Тиймээс энэ тогтолцоогоо өөрчилж олон улсын зарчим руу дөхүүлж, зах зээл дээр үнэ өсөлттэй байвал өсгөж, буурвал дагаад буулгадаг болгох санал хүсэлт тавьж байна. Монгол Улсын хувьд нүүрсний үнэ буучихсан байгаа энэ үед үнээ буулгачихаар эргээд өссөн тохиолдолд тухайн ашгаас хүртэж чадахгүй болох эрсдэл бий. Тиймээс хоёр тал харилцан ашигтай байх буюу үнэ өсөхөөр өсгөж, буурвал буулгадаг байх өөрчлөлт оруулахаар бүх яам болоод холбогдох байгууллагуудад танилцуулж биржээр нүүрс худалдах журамдаа тодорхой өөрчлөлт оруулсан.

-Биржийн тухай хуульд тодорхой хугацааны дараа өөрчлөлт оруулах нь тодорхой болж байна. Хуульд өөрчлөлт орох хүртэл хуулиас давсан журам дахин нэгээр нэмэгдэж байгаа юм биш биз дээ?

-Уг журмыг боловсруулахдаа холбогдох байгууллагуудаас санал авсан. Хуульчдаас санал авсан. Уул уурхайн биржийн тухай хууль дээр гэрээний үнийг биржийн зарласан үнээр тогтоно гэж заасан. Эхний ээлжинд хугацаа алдахгүйгээр хуульд өөрчлөлт орох хүртэл дээрх зохицуулалтаар биржийн арилжаагаа явуулах нь зүйтэй гэж үзсэн. Дуудлага худалдаагаар худалдаа явах тусмаа Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний биет хэмжээ өснө. Цагаан дээр хараар индексжүүлсэн байдлаар нүүрсээ худалдан борлуулж болох талаар хууьд өөрчлөлт оруулах тал дээр саналаа хүргүүлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны гуравдугаар сарын18-ны өдрийн 76 дугаар тогтоолоор “Монголын хөрөнгийн бирж” ХК-д дараах журмуудад өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн. Үүнд: "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам" "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам”-ыг 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн. Мөн "Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам", "Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам", "Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам", "Хайлуур жоншны хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам", "Нүүрсний форвард гэрээг дахин арилжаалах журам”-уудыг тус тус үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.

-Биржийн арилжаанд оролцогч талуудыг сектороор нь ангилж үзсэн судалгаа бий юү. Хэд нь БНХАУ-ын төрийн өмчит компани, хэд нь хувийн компани байна вэ?

-Хөрөнгийн бирж дээр одоогоор 440 гаруй худалдан авагч бүртгэлтэй байгаа. Нүүрс, зэс, төмрийн хүдэр худалдан авч байна. Зарим нь 2-3 төрлийн бүтээгдэхүүн ч худалдан авч байна. Хэд нь нүүрс, зэс, төмрийн хүдэр авч байна гэдэг тооцоо судалгааг гаргаж болно. Яг одоогоор хэд нь төрийнх, хэд нь хувийн компани вэ гэдгийг тооцож гаргасан зүйл байхгүй. Хамгийн гол нь өнөөдөр байгуулагдсан компани байсан ч биржээр ороод түүхий эд худалдан авах боломж нь нээлттэй. Заавал төрийн өмчийн эсвэл хувийн өмчийн компанид худалдан борлуулах зүйл заалт байхгүй. Орж ирсэн компаниудаас хэн нь хамгийн өндөр үнээр бараа бүтээгдэхүүн авах боломжтой байна, тэр тал нь авах боломжтой.

-Хөрөнгийн биржээр нүүрсээс гадна өөр ямар төрлийн бүтээгдэхүүн зарж байна вэ?

-Энэ он гарснаас хойш, цагаан сарын өмнө 5000 тн зэс биржээр зарагдсан. Энэ онд 60 мянган тн зэс биржээр зарах төлөвлөгөөтэй. Хоёрдугаарт, эхний хоёр сарын байдлаар 1.9 сая тн төмрийн хүдэр биржээр худалдан борлууллаа. Энэ жил нэмээд нэг сая тн-ыг зарах хүлээлттэй байна. 

М.Зул

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цавчаа(202.70.34.115) 2025 оны 03 сарын 24

дЭЛГЭРСАЙХАНЫ ТӨМРИЙН ХҮДЭРТ САЙН ХЯНАЛТ ТАВЬ....

0  |  0
Close menu