Хушин ойн ашиг тусыг тоочоод баршгүй их. Хушин ой нь усыг зохицуулан хамгаалах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой билээ.
Түүнчлэн ойд амьдардаг олон зүйл амьтан, шувууны идэш тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг, фитонцид, эфирийн тос их ялгаруулдаг нь орчны агаарыг эрүүлжүүлж цэвэршүүлдэгээрээ онцлог юм.
Хуш мод бол манай оронд түгээмэл тархацтай биш, ховор ургамал бөгөөд түүнийг зохистой ашиглах, байгаль, экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор 1995 онд Засгийн газрын тогтоолоор “Ховор ургамлын жагсаалт”-д оруулсан.
Гэвч байгаль орчноо хамгаалах үүргийг хуулиар хүлээсэн Засгийн газрын гишүүн болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нь томилогдсон цагаасаа эхлэн байгаль орчны эсрэг шийдвэрүүдийг удаа дараа гаргасаар байгаа нь энэ хүн үнэхээр уг албан тушаалдаа тэнцэх эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
Тухайлбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нь 2025 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр А/68 дугаартай тушаал гарган, Ойн дагалт баялаг буюу ойд ургадаг самар, жимс, жимсгэнэ, мөөг, шүүс, давирхай, навч зэргийг тодорхой хэмжээний төлбөр төлж, ашигладаг байсныг болиулан, үнэгүй болгохоор шийдвэрлэжээ.
Эрхэм сайдын дээрх тушаалын дагуу одоо хэн нэгэн ойгоос самар, жимс, мөөг түүхдээ төлбөр төлөхгүй бөгөөд энэ нь Төсвийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Ойн тухай хууль зэрэг хууль тогтоомжуудыг маш ноцтой зөрчсөн үйлдэл болно.
Үүгээр зогсохгүй хамгийн ноцтой нь нийтлэлийн эхэнд дурдсан “Ховор ургамал” болох Хуш модыг самрын бизнес эрхлэгчид, самар түүгчдийн хууль бус үйл ажиллагаанд өртөх боломжийг бүрдүүлсэн тушаалыг 2025 оны гуравдугаар сарын 6-ны өдөр гаргасан байна.
Тодруулбал, хуш модны самрыг яснаас нь салгаж, доторх чөмөг нь үлдэх үедээ жингийнхээ 60-65 хувийг алддаг тухай дүгнэлтийг Шинжлэх ухааны Ботаникийн хүрээлэнгээс 2017, 2024 онуудад хоёр удаа гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл 3 кг самраас 1 кг чөмөг буюу идээ гардаг гэсэн үг.
Ботаникийн хүрээлэнгээс дээрх дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар, Самрын мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгч нарт танилцуулсан бөгөөд уг үйл ажиллагаандаа тэднийг оролцуулан, самрын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэр дээр бодит туршилт хийж, туршилтын үр дүнгээ нээлттэй танилцуулсан байна.
Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар, самрын бизнес эрхлэгч нар хуралдаж, 3 кг самраас 1 кг чөмөг гардаг байхаар тооцон, экспортын зөвшөөрөл олгож байхаар тохиролцож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар баталгаажуулжээ.
Гэтэл шинээр томилогдсон сайд болох С.Одонтуяа нь дээрх шийдвэрийг ямар нэгэн үндэслэлгүйгээр цуцалсан төдийгүй, 3 кг самраас 2 кг чөмөг гардаг байхаар тооцон, самар экспортлогч нарт зөвшөөрөл олгохоор бэлтгэж байгааг эх сурвалж мэдээллээ.
Дээрх мэдээлэл үнэн бол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нь Монгол орны ховор ургамал болох Хушин ойн сангаа хамгаалах бодлого хэрэгжүүлэхийн оронд самрын бизнес эрхэлдэг Хятад иргэдийн ашиг сонирхлыг хангах үйлдэл хийж байна гэсэн үг юм.
Самрын идээний гарцыг үндэслэлгүйгээр 2 дахин ихээр тогтоовол Хушин ой хоёр дахин их хэмжээгээр сүйтгэгдэнэ, тэр хэмжээгээр доройтол үүснэ.
Шинжлэх ухааны байгууллага нь “…. 3 кг ястай самар тутмаас 1 кг чөмөг гардаг” гээд хоёрын хоёр удаа дүгнэлт гаргаад өгсөн байхад, 2 кг чөмөг экспортлох зөвшөөрөл олгох гээд дайраад байгаагийн учир юунд байна вэ?
Манай улсын хувьд жил бүр бэлтгэсэн самрынхаа 99 хувийг Хятад улс руу гаргадаг нь Хятад улсын иргэд самрын бизнесийг бүрэн атгасантай холбоотой байдаг. Самрын бизнес хийж буй Хятад иргэд энд компани байгуулан, Монгол хүнийг гүйцэтгэх захирлаар нь томилдог бөгөөд тус компаниараа дамжуулан, самар бэлтгэх, экспортлох үйл ажиллагааг эрхэлдэг. Тиймээс самар үнэгүй байх, самрын экспортын хэмжээг их байх зэрэг нь зөвхөн Хятадуудын ашиг сонирхолд нийцсэн үйлдэл юм.
Юуны учир Монгол төрийн сайд, тэр дундаа байгаль орчноо хамгаалах үүрэгтэй албан тушаалтан байгаль орчноо доройтуулах, Хятадуудын эрх ашгийг хангахаар улайран зүтгэнэ вэ?
С.Одонтуяа сайд аа, та заавал хариулаарай!
Сэтгэгдэл ( 2 )
Одонтуяа саад тараасан зуухнуудаа буцааж татаад улсыг хохиролгүй болгочих
novchiin emgen uhnee hiij songoj gargasan yum ene nasaara turuur tejeelgej yavaad surthan urd urad yuch hiigeegui hunii ajil shuumjelj heruul hiij yahvaas chadah yumgui emgen ta nar gargasan bizdee hohnee tetgevriin emgen ta nar gargasan ene hezee ajil hiij chadahgui yaj tusvuus mungu hulgailhuu gej suudag nugelteng gadagchaad daraa n huthdagaa bol uchuun helsen iim tetgevriin emgen hunii tuluu uls ornii tuluu ajillahgui zugeer novch gargasan tegeed bas said geed bgaa yum mal bsan bol ali ert nidalgaad yavuulah emgen dee uhvel tna