Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.04.03) нэгдсэн хуралдаан 10.00 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 55.9 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга нийтийн өргөдлийн талаар танилцууллаа. Иргэн Рэгзэнгийн Шинэгэрэлээс нийтийн ашиг сонирхлыг хөндсөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан орлогод ногдох албан татварын хэмжээг нэг хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлснийг Улсын Их Хурлын нийтийн өргөдөл гомдлын petition.parliament.mn цахим системд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нийтэлсэн.
Энэ өргөдөл 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 100187 иргэний санал авсан тул нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний дагуу Төсвийн байнгын хороонд хуваарилж байгааг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулаад, тус Байнгын хороо иргэдийн гаргасан өргөдөлд дурдсан асуудлыг хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг чиглэл болгожээ.
Сэтгэгдэл ( 0 )