“Агро экспо 2025”-д хөдөө аж ахуй, газар тариалангийн дэвшилтэт техникийг танилцуулж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 06

Хөдөө аж ахуй, газар тариалан, ойн аж ахуйн салбарын “Агро экспо 2025” олон улсын нэгдсэн үзэсгэлэн “Буянт ухаа” спорт ордонд энэ сарын 4-6-ны өдрүүдэд  болж байна.

Тус үзэсгэлэнг “Экспо Монгол” ХХК зохион байгуулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дэмжин оролцож байгаа юм. “Агро экспо” үзэсгэлэнд хөдөө аж ахуй, газар тариалангийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж болон суулгац, зүлэг, цэцгийн үр, бусад бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж байна. Мөн салбарын эрдэмтэн судлаачид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд уг салбарт бий болж буй өсөлт дэвшил, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч байгаа юм. 

Энэхүү үзэсгэлэн хөдөө аж ахуйн, газар тариалан, ойн аж ахуйн салбарын хөгжлийг олон нийтэд таниулж, шинэ боломжуудыг эрэлхийлэх, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцаа холбоог сайжруулах зорилготой. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгч Ц.Болорчулуун хэлэхдээ, “Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, Засгийн газраас зарлаад буй “Атрын IV аян”-ы хүрээнд “Агро экспо” үзэсгэлэнг зохион байгуулж байна.  Манай орон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэггүй, импортлогч орон хэдий ч орчин үеийн техник, тоног төхөөрөмжүүдээр шинэчлэл хийж, шинэ технологиудыг нэвтрүүлэх нь ихээхэн чухал. “Атрын IV аян”-ы хүрээнд дилер компаниудад хөнгөлөлттэй зээл олгохоор шийдсэн. Энэ хүрээнд манай салбарт техникийн шинэчлэл хийгдэнэ гэж үзэж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu