Эрдэс баялгийн салбарын нийтийн баялгийн менежментэд шударга байдлыг бэхжүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 20

 Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран эрдэс баялгийн салбарын нийтийн баялгийн менежментэд шударга байдлыг бэхжүүлэх Интегра Санаачилга хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Уул уурхайн салбарт ил тод байдал, хариуцлага, хүртээмжтэй засаглалыг дэмжих зорилготой уг хөтөлбөрийг Люксембург, Дани, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын дэмжлэгээр НҮБХХ-ийн Санхүүжилтийн Цонх механизмаар дамжуулан хэрэгжүүлж байна. 

Интегра Санаачилга нь Монгол, Ангол, Мадагаскар, Зимбабве гэсэн дөрвөн улсад хэрэгжих ба байгалийн нөөц баялаг, ялангуяа эрдэс баялаг, уул уурхайн баялгийн менежментийг бэхжүүлэх, ёс зүйтэй, шударга байдлын эрсдэлийг шинэлэг, хүртээмжтэй, жендерийн мэдрэмжтэй арга барилаар илрүүлж, бууруулахад чиглэх юм. Мөн төслийн хүрээнд орон нутгийн болон үндэсний оролцогчдодбодит, шинэлэг шийдлүүдийг туршиж хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар энэ талаарх Засгийн газрын амлалтыг онцлон тэмдэглэж: "Бид Интегра Санаачилгыг манай салбарын засаглалыг бэхжүүлэх үнэ цэнтэй платформ хэмээн үзэж байна. Энэ нь ашигт малтмалын нөөцийг ил тод, хариуцлагатайгаар удирдах үндэсний шинэчлэлийн бодлоготой нягт уялдаж байна" гэв.

Монгол дахь НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска санаачилгын өргөн хүрээний ач холбогдлыг онцлон тэмдэглэж: "Латин хэлний “интегра” гэдэг үгнээс гаралтай "ёс зүйтэй байдал" гэсэн ойлголт нь хэн ч хараагүй буюу хяналт тавиагүй үед чин шударга, тууштай байж чаддаг чанарыг илэрхийлдэг. Энэ бол нийтийн үйлчилгээнд итгэлцлийг бий болгодог үл үзэгдэх хүч юм. Шударга байдлыг бэхжүүлэх нь зөвхөн ёс зүйн асуудал төдийгүй төрийн үйлчилгээг сайжруулах, итгэлцлийг сэргээх, тогтвортой хөгжлийг хурдасгах стратегийн арга зам юм" хэмээн онцлов.

НҮБХХ-ийн Хүн төрөлхтөн ба Эх дэлхийн Засаглал Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хэрэгжих Интегра Санаачилга нь байгаль орчны тогтвортой байдал, жендэрийн тэгш байдал, хүртээмжтэй өсөлтийн гол цөм болох засаглалыг дэмжих байдлаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu