“Үндэсний бичиг үсгийн баяр-2025”-ын шилдгүүд тодорлоо

2025 оны 05 сарын 08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн ням гарагт Үндэсний бичиг үсгийн баярыг орон даяар өргөн дэлгэр ёслон тэмдэглэдэг. Тэгвэл Монголын хүүхдийн төв номын сангаас үндэсний нэгдмэл үнэт зүйлсээ бэхжүүлэх, өвлөн уламжлуулж, өнөд дэлгэрүүлэх зорилгоор Хүүхдийн төв номын сангаас улсын хэмжээнд улсын хоёр уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм. Хоёр насны ангиллаар зохион байгуулагддаг "Монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах уралдаан"-д 21 аймаг, нийслэлээс  шалгарсан тэргүүний уншигчид оролцдог.  Харин "Уран бичлэгийн уралдаан"-д Олон улсын чанартай уралдаануудад амжилт гаргасан шилдэг уран бичээч хүүхдүүд оролцдог онцлогтой. Энэ жилийн хувьд “Төрөлх Монгол хэл” уран бичлэгийн улсын 10 жилийн ой тохиож буй бөгөөд 10 дугаар уралдаанд оролцохоор 90 гаруй сурагчид бүртгүүлэн оролцсон юм. Уралдааны үеэр үндэсний бичиг соёлоо үл бүдэгрүүлэн хөгжүүлэгч сод авьяаст соёлын өв түгээгчдийн уран бичлэгийн үзэсгэлэн дэлгэгдсэн нь танхимыг чимж, өвийн бүтээлч ажил, тоглоом наадгай, шоу үзүүлбэр зэрэг сонирхолтой хөтөлбөрүүдээр соёлын өв хөгжин, сурталчлан түгээлээ.

10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Төрөлх Монгол хэл" уран бичлэгийн улсын уралдааны тэргүүн байрт С.Сүхбат /Говь-Алтай аймаг 12 анги/, дэд байрт Н.Дашням /Дундговь 12 анги/, гутгаар байр Н.Чамин-Эрдэнэ /Хэнтий аймаг 12 анги/, Тусгай байр А.Хүслэн /23-р сургууль 11 анги/, Н.Лхагванаран /Сэлэнгэ аймаг 12 анги/ нар тус тус шалгарлаа.

Монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах улсын 19 дүгээр уралдаанд Улсын тэргүүний уншигчаар 8-9 дүгээр ангийн сурагчдын ангилалд Дундговь аймгийн Дэрэн сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч О.Анх-Учрал, БЗД-ийн 44-р сургуулийн 8ё ангийн сурагч Э.Сэцэнбаатар, Хэнтийн аймгийн Баян овоо сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч О.Хашчимэг, 10-12 дугаар ангийн сурагчдын ангилалд Говь-Алтай аймгийн Алтай сумын ЕБС-ийн 10-р ангийн сурагч Х.Номин-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Номгон сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Ш.Хулан, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 11-р ангийн сурагч С.Энхмэнд нар тус тус  шалгарсан юм.

Монгол үндэсний бахархал болсон монгол бичгээ, залуу үедээ өвлүүлэн үлдээх, цаашид суралцах сонирхол төрүүлэх, уран чадвар эзэмшүүлэх зорилготой улсын уралдааныг Чингис хаан Үндэсний музей, Сайн электроникс, Сайн моторс, Хатад брэнд, Жиком, ОБ пластик зэрэг байгууллагууд дэмжиж ажилласан юм.

М.Зул

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu