Цаасанд дарагдсан бизнесийг эрх чөлөөтэй болгоно

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 12

Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд манай баг License.mn зөвшөөрлийн нэгдсэн сангийн 371 зөвшөөрлөөс 321-ийг цахимжуулсан байна. Түүнчлэн, Гаалийн хяналтын журмыг шинэчилж, 24 байгууллагын 70 орчим зөвшөөрлийг цахимжуулж эхэлжээ. Үүний үр дүнд төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс шаардахаа больж, нотариатаас эхлээд төрийн байгууллагын үүд сахиж бичиг цаасны дарамтад ордог хуучин тогтолцоог халж эхэлсэн байна.

Гэсэн ч өнөөдөр найман нэрийн дэлгүүр нээхийн тулд бизнес эрхлэгч шат шатны байгууллагын хаалга татаж, хуульд байхгүй журам, бүртгэл нэртэй нэмэлт шаардлагад цаг зав, хөрөнгө мөнгөө алдаж байна. Зөвшөөрөл авах гэж явсаар бизнес эхлэхээсээ өмнө дампуурч байна. Тийм учраас “Эдийн засгийн эрх чөлөөний хууль”-ийг боловсруулж, бизнес эрхлэгчдэд дарамт болж буй 100 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болгожээ.  14 хоногийн дотор төрийн бүх шатны байгууллага олгодог зөвшөөрлөө нэгдсэн системд байршуулахыг үүрэг болгожээ. 

Энэ хүрээнд цахим хөгжил, харилцаа холбооны сайд Э.Батшугараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэг E-Mongolia иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг шиг, бизнестэй холбоотой бүх үйлчилгээг нэг дор шийдвэрлэх E-Business.mn платформыг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх үүрэг хүлээжээ. Иргэн, бизнес эрхлэгч хаанаас ч компани нээх, зөвшөөрөл хүсэх, сунгах зэрэг бүхий л харилцааг нэг цонхоор цахимаар авах юм байна. Зөвшөөрлийг цахимаар багц болгож авна. Түүнчлэн, хяналтын механизмыг тодорхой, ил тод болгож, таны зөвшөөрлийг хаана, хэн гэдэг албан тушаалтан гацааж байгааг харж, хянах боломжтой болох юм байна. 

Энэ бол бизнес эрхлэгчдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэхээс гадна төр бүх шатандаа ил тод, нээлттэй хариуцлагатай болно гэж үзэж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Amga(66.181.177.189) 2025 оны 09 сарын 12

Demjij bgaa

0  |  0
Top