УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танакатай уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсын Засгийн газар хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хамтран ажиллаж буйд талархал илэрхийлсэн.
Мөн талууд Монгол Улсын агаарын тээврийн салбарт зорчигч тээврийн урсгал эрчимтэй нэмэгдэж, “Чингис хаан” нисэх онгоцны буудлын ачаалал ихсэж байгаа тул өргөтгөх асуудлыг нарийвчлан хэлэлцэж, дахин зөвлөлдөн Японы тал ойрын хугацаанд тодорхой хариу өгөхөөр тогтов.
Уулзалтын төгсгөлд, Монгол Япон хоёр улсын найрамдалт харилцааны бэлэг тэмдэг болсон “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хот төлөвлөлт цаашдын эрэлт хэрэгцээ шаардлагыг үндэслэн тооцоолж, хариуцлагатай гүйцэтгэхийн төлөө хамтран ажиллана гэлээ.


Сэтгэгдэл ( 0 )