Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Монголбанкнаас санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, Боловсролын Ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын Банкны холбоо, арилжааны банкнуудтай хамтран “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяныг “Мөнгөө ухаалгаар удирдъя” уриан дор эхлүүллээ. Аяны нээлтийн арга хэмжээ төв банканд болж, 200 гаруй хүүхэд залуус оролцов.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас 2012 онд санаачилсан энэхүү аянд өнөөдрийн байдлаар дэлхийн 170 гаруй улс нэгдээд байна. Монгол Улс 2013 оноос уг хөдөлгөөнд нэгдэн, хүүхэд, залууст санхүүгийн боловсрол олгох үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд нийт 193 мянга гаруй хүүхэд, залуус биечлэн оролцож, давхардсан тоогоор 3.7 сая иргэнд санхүүгийн мэдлэг, мэдээлэл хүргээд байна.

Аяны нээлтийн үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн үгэндээ: “Санхүүгийн боловсролтой иргэн зөвхөн хувийн санхүүгээ зөв удирдаад зогсохгүй, улс орны эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг. ‘Иргэн баян бол улс баян’ гэх үгийн утга ч үүнд оршиж байна” хэмээн онцоллоо.

Гурван долоо хоногийн хугацаанд үргэлжлэх энэхүү аяны хүрээнд санхүүгийн шийдвэр гаргалт, хуримтлал, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр олон талт сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд зохион байгуулах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top