Нийслэлийн прокурорын газраас 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 06-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн мансууруулах бодистой холбоотой зарим хэргийг тоймлон хүргэж байна.
- Д.Б (эрэгтэй, 35 настай), С.А (эмэгтэй, 22 настай) нар бүлэглэн 0,0415 гр сэтгэцэд нөлөөт бодис, 11,3 гр өвс зэргийг хууль бусаар олж авч хадгалсан, Б.Н-д сэтгэцэд нөлөөлөх бодисыг өгч хэрэглэхийг шаардсан хэрэгт шүүхээс гэм буруутайд тооцож, Д.Б-д 3 жил, С.А-д 1 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж шийдвэрлэсэн;
- Э.Б (эрэгтэй, 43 настай), Б.Г (эрэгтэй, 35 настай), Ө.Ө (эрэгтэй, 35 настай) нар нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд гадаад улсаас Г.Г-ын илгээсэн 7,3 кг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар авсан, 18 удаагийн үйлдлээр бусдад худалдсан, хадгалсан, энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэрэгт шүүхээс гэм буруутайд тооцож, Э.Б-д 5 жил 6 сар, Б.Г-д 7 жил, Ө.Ө-д 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 тээврийн хэрэгслийн үнэ болох 69,2 сая төгрөг, контейнерын үнэ болох 4,8 сая төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн;
- Г.М (эрэгтэй, 33 настай)-г сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай 89,6 гр өвсийг хууль бусаар олж авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тээврийн хэрэгсэлдээ хадгалсан хэрэгт шүүхээс гэм буруутайд тооцож, 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн;
- Д.Б (эрэгтэй, 25 настай)-г 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 5,4 гр сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явж, хадгалсан хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн;
- М.Б (эрэгтэй, 30 настай) -г 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай 5,1 гр өвсийг хууль бусаар олж авч, тээврийн хэрэгсэлдээ хадгалсан хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн;
-У.Х (эрэгтэй, 26 настай)-г 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 7,4 гр сэтгэц нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн;
- Ч.Б (эрэгтэй, 25 настай), Ж.Б (эрэгтэй, 27 настай) нарыг бүлэглэн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай 1024,3 гр өвсийг хууль бусаар бэлтгэсэн, тээврийн хэрэгсэлдээ хадгалсан хэрэгт гэм буруутайд тооцож, тус бүр 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн;
- Д.Э (эрэгтэй, 30 настай)-г 0,46 гр сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө өөрийн биедээ авч явж, хадгалсан хэрэгт шүүхээс гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )